Захирал хүн ажилчдаасаа ухаантай хүчирхэг байх албагүй

Дэлхийд нэртэй Land Rover, Jaguar зэрэг тансаг зэрэглэлийн автомашиныг Азийн улс орнууд руу экспортолдог Guava International компанид ажиллаж, өртөг өндөртэй Английн Лондон хотноо хангалттай тав тухтай амьдарч байсан Бямбачулууны Даваасүрэн эх орондоо ирэх шийдвэрийг гэнэтхэн л гаргажээ. Тус компанид ажиллаж байхдаа цалинтай амрах боломж олдмогц тэр яагаад ч юм Нью-Йорк нисэх тасалбар захиалчихав.  Түүнд Америк орон илүү таалагдаж, тэнд илүү боломж нуугдаж байх шиг санагдсан ч Б.Даваасүрэн Америкийг ч, Английг ч сонгосонгүй. Оронд нь Монгол руугаа буцаж, туршлага хуримтлуулахын зэрэгцээ эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулахыг илүүд үзэв. Энэ бол өдгөөгөөс даруй 11 жилийн өмнөх үйл явдал. Харин өнөөдөр тэр боловсролын салбарт ажиллаж буйгаа илтгэх мэт Харвардын их сургуулийн лого бүхий фудболк өмсөж, гартаа Стэнфордын логотой аяга барьжээ. Энэ нэрсийг сонссон хэн боловч дэлхийн боловсролын салбарын аваргуудын талаар ярьж байгааг мэднэ. Тэрбээр “Гүрэн” академиараа дамжуулан Харвардын бизнесийн сургуультай хамтарсан хөтөлбөрийг эх орондоо амжилттай нутагшуулж, Монголын топ түвшний олон удирдагчийг мэргэшүүлж, чадавхжуулсны дотор “Өгөөж чихэр боов” компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, МИГ даатгалын ТУЗ-ийн дарга Б.Түвшин, Хаан банкны бизнес хөгжил хариуцсан дэд захирал Т.Жавхлан нар багтаж байна. 

 

Мөн хоёр жил уйгагүй хөөцөлдсөний үр дүнд Стэнфордын их сургуулийн өсвөр насны хүүхдүүдэд  зориулсан хөтөлбөрт монгол хүүхдүүдийг сургах хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2019 онд туршилтын төслөө амжилттай хэрэгжүүлээд иржээ. 

“Та тасралтгүй суралцагч мөн үү?” гэх асуултыг дэлхийн хаана ч явсан та олж сонсоно. Б.Даваасүрэнгийн зорилго ч үүнд чиглэж буй. Зогсолтгүй урагшилж, зогсолтгүй суралцах дадлыг монголчуудын дунд түгээн дэлгэрүүлэхийг тэр хүсдэг. “Гүрэн” академиа байгуулсан шалтгаануудын нэг нь ч энэ юм. 

 

“Гүрэн” академи дэлхийн топ их сургуулиудтай хамтран ажиллаж байна. Тэгэхээр та бүхний алсын хараа хааш чиглэж байна вэ? 

Бид боловсролын салбарын шилдгүүдтэй ажиллаж, бүх контентоо албан ёсны эрхтэйгээр хүмүүст хүргэе гэсэн анхны зорилгоосоо ухралгүй ажилласаар ирлээ. Энэ хүрээнд Харвард, Стэнфорд, Итон (Eton) зэрэг дэлхийн топ их сургууль, коллежтой хамтран ажиллаж байна. Мөн Монголын боловсролын салбарт тодорхой хувь нэмрийг оруулах нь “Гүрэн” академиа анх байгуулах болсон шалтгаануудын нэг. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг залуучуудад эзэмшүүлж, дэлхийн иргэнийг бүтээх нь манай академийн алсын хараа юм. Бидний одоо хийж буй ажил тодорхой хугацааны дараа Монголын боловсролын салбарт эергээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байдаг.  

Боловсролын салбарт хөл тавих шийдвэрийг та яагаад гаргасан бэ?  

Гурван охинтой айл болоод ч тэр үү аав, ээж маань багаас л боловсролын үнэ цэнийг бидэнд ойлгуулж боловсрол бол хүний амьдралыг өөрчлөх гол хэрэгсэл гэсэн итгэл үнэмшилтэй өсгөсөн. 

Би “Хүмүүнлэгийн ухааны их сургууль”-ийг олон улсын худалдаа, бизнесийн удирдлагын чиглэлээр төгсмөгцөө Англи улсыг зорьсон. Тэгэхэд 21 настай байлаа. Тэнд олон улс орноос ирсэн оюутнуудтай нэг анги болж суралцахад бидний өөрийгөө илэрхийлэх чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, судалгаанд суурилж бодит баримтад үндэслэн шийдвэр гаргах байдал маш дутмаг гэдгийг олж ухаарсан. Тиймээс хүн аль болох багаасаа л дэлхий ертөнц маш өргөн уудам гэдгийг ухаарч суралцах арга барил, зуршлыг бий болгох ёстойг ойлгож, ирээдүйд монгол хүүхдүүддээ заавал тусална гэж өөрөө өөртөө амлаж байлаа. Ингээд 2015 оноос боловсролын салбарт ажиллаж эхэлсэн. Дунд нь хэсэг хугацаанд Азийн хөгжлийн банк болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан 27 сая ам.долларын санхүүжилттай төслийн удирдагчаар ажиллаж байгаад өнгөрсөн оны долдугаар сараас эргээд боловсролын салбартаа ажиллах болсон. 

Олон улсын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн алхах дэлхийн иргэнийг бэлтгэхийн тулд “Гүрэн” академи ямар сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаар яриагаа үргэлжлүүлье.  

“Гүрэн” академиа судалгааны чиглэлээр анх байгуулж байсан бол одоо бие даасан компани болж, хүүхдүүд болон насан хүрэгчдэд зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хүүхдийн хөтөлбөрийнхөө хүрээнд бид Их Британийн Итон коллеж (хөвгүүдийн коллеж), АНУ-ын Стэнфордын их сургууль, Genius Brands International-ийн хүүхдэд зориулсан хөтөлбөрүүдийг албан ёсны эрхтэйгээр монгол хүүхдүүддээ хүргэж байна. 

Genius Brands International-ийн хүүхдийн санхүүгийн боловсрол болон бүтээлч сэтгэлгээг сайжруулах хөтөлбөр гэхэд л олон улсад маш алдартай. Сонирхуулахад, домогт хөрөнгө оруулагч Уаррен Баффет энэ хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн хүүхэлдэйн кино болон комик номонд өөрийн дүрийг ашиглахыг зөвшөөрч бүр өөрөө хүүхэлдэйн кинонд нь дуу оруулсан байдаг.  Энэхүү контентыг манай академи эх хэлээрээ хүлээн авах боломжийг хүүхдүүдэд олгоод байна. 

Мэддэгээ нуусан нь биш хуваалцсан нь илүү амжилттай явдаг болсон үед бид амьдарч байна.

Хэрэв 20 жилийн өмнөөс хүүхдүүдэд санхүүгийн боловсрол сайн олгосон бол өнөөдөр Монгол Улсын эдийн засаг нэг шат ахисан байх байсан болов уу гэж боддог юм. Санхүүгийн боловсролыг бүх насныханд, тэр дундаа өсвөр наснаас нь системтэй олгож эхлэх маш чухал. 

Мөн өнгөрсөн жил бид Стэнфордын их сургуультай хамтарсан хөтөлбөрөө амжилттай эхлүүлж, 14-17 насны 12 хүүхдийг тус сургуулийн өсвөр насны хүүхдэд зориулсан зуны хөтөлбөрт хамрууллаа. Энэ жилийнх нь саяхан зарлагдаад байна. 

Насанд хүрэгчдийн хөтөлбөрийн тухайд executive түвшнийхэнд илүү зориулагдсан бөгөөд Харвардын бизнесийн сургуулийн санхүүгийн хөтөлбөр болон Харвард бизнес паблишингийн менежментийн хөтөлбөрийг санал болгодог. Энэ жилээс Английн Global Growth Institute-тэй хамтран дунд түвшний менежерүүдэд зориулсан хөтөлбөрийг эхлүүлээд байна. Манай хөтөлбөрүүд суралцагчдынхаа туршлага, мэдлэгийг илүү системчилж, олон улсад нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн арга барилыг олгодог давуу талтай.  

Стэнфордын их сургуулийн хүүхдэд зориулсан хөтөлбөрт өнгөрсөн жил хамрагдсан монгол хүүхдүүдэд ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарсан бэ. Мөн энэ хөтөлбөрийн онцлогийг тайлбарлахгүй юу?

Анх уг хөтөлбөр гоц авьяастай хүүхдүүдэд тусгайлан зориулагдсан байсан бол сүүлийн үед хүүхдийг гоц ба гоц бус гэж ялгаварлахаас татгалзаж буй олон улсын чиг хандлагын дагуу өөрчлөгдөж илүү нээлттэй хөтөлбөр болсон. 

Тодорхой түвшний шалгуурыг хангахуйц хэмжээний англи хэл болон математикийн мэдлэг мөн нийгмийн идэвхтэй байхыг оролцогч хүүхдээс шаарддаг. Хөтөлбөрийн тухайд хоёр долоо хоногийн турш Стэнфордын их сургуулийн оюутны хотхонд байрлаж, тэндхийн багш, профессоруудаас номын дуу сонсож, яг л оюутнууд шиг нь суралцана гэсэн үг. Ганц ялгаа нь зөвхөн 14-17 насныханд зориулж боловсруулсан тусгай хөтөлбөрийн дагуу хичээлүүдээ үзнэ. Энэ насны хүүхдүүдийг онцолж буйн учир нь хүүхдээс нас бие гүйцсэн хувь хүн болох шилжилтийн үе 14-17 насанд идэвхтэй өрнөдгөөс гадна мэргэжил сонгох, өөрийгөө тодорхойлох зэрэг олон түвшинд чухал шийдвэр гаргах шаардлагатай тулгардаг, нэг талаас том хүн болж буй мэт өөрийгөө мэдэрч байвч, нөгөө талаас хүүхэд хэвээрээ л байдаг. Яг энэ үед нь хүүхдэд тулгарч буй өөрийгөө олох, ертөнцийг танин мэдэх, соёлын ялгааг ойлгох зэрэг үйл явцад нь дэмжлэг үзүүлж, ертөнцийг үзэх үзлийг нь дэлхийн иргэний хэмжээнд бэлдэх нь маш чухал. Тийм ч учраас хүүхдүүдийн хувьд эргэлтийн цэг болж чадахуйц хөтөлбөр гэж хэлнэ. Тухайлбал, анагаах ухаан, далай судлал зэрэг байгалийн шинжлэх ухааны болон бизнес, санхүү, мэдээллийн технологи, инженеринг, урлаг гэх зэрэг салбар салбарын олон сонирхолтой хичээл хөтөлбөрт багтсан байдаг нь хүүхдийн карьер сонголтод эерэг нөлөөтэй. Мөн хүүхдийг энгийн (humble), бусдыг ойлгож, бусдын оронд өөрийгөө тавьж үздэг, нээлттэй сэтгэлгээтэй нэгэн болон хүмүүжихэд уг хөтөлбөр маань тусалдаг. Өнгөрсөн жил гэхэд хөтөлбөрт 20 гаруй орны 360-аад хүүхэд хамрагдсан. Тэдний дунд монгол хүүхдүүд маань ч амжилттай суралцаад, сэтгэлгээ нь задраад ирсэн. 

Амжилттай яваа удирдагчид бизнесийн орчин хурдацтай өөрчлөгдөж байгааг мэдэж байгаа учраас суралцах ёстой гэдгээ маш сайн ухамсарласан байдаг. 

Монголын боловсролын салбарыг хөгжүүлж, зөв гольдрилд нь оруулахад хамгийн чухал алхам таныхаар юу вэ?

Боловсролын салбарт ажиллаж буй хүн бүрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх. Социализмын үед хамгийн онц сурдаг, мундаг нь багш болдог байсан бол 1990-ээд оноос хойш хамгийн тааруухан сурлагатай оюутнууд багшийн мэргэжил сонгох болсон нь хатуу ч гэсэн үнэн. Үүнийгээ дагаад багшийн мэргэжлийн үнэ цэн унасан. Дээр нь цалин, хангамж муутай байна. Нэг засаг солигдоход л бүхий л шатны сургуулиудын контент, хөтөлбөр өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. Тэр бүрт багш нар суралцах хэрэгтэй болдог. Гэтэл ар гэрийн асуудлаа бүрэн гүйцэд шийдээгүй хүмүүс ажилдаа яаж 100 хувь төвлөрөх вэ? Тэгэхээр багш хүний үнэ цэнийг өсгөж, хангамжийг нь сайжруулах ёстой. Мөн боловсролын салбарт хийгдэж буй ажлын үр дүн шууд бус дор хаяж 5-10 жилийн дараа гардаг учраас зөв бодлогоор залуурдахгүй бол эрсдэл өндөртэй. Дэлхий хаашаа чиглэж байгааг ойлгож, бүхий л түвшинд хөтөлбөрүүдээ шинэчлэх шаардлагатай гэж боддог. Боловсролын түвшнээрээ дэлхийд тэргүүлж буй улс орнуудаас үлгэр жишээ авч, суралцаад явах боломж бололцоо ч харагдаж байна. 

Ер нь боловсролын салбарт бизнес эрхлэхийн онцлог тал болоод бэрхшээлийг юу гэж хардаг вэ? 

Боловсролын салбар бизнес эрхэлж буй хүнээс өндөр ёс зүйтэй байхыг шаарддагаараа онцлогтой. Хоёрдугаарт, хурдтай өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг гэдэг утгаараа энэ бүхэнтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй болдог. Энэ бол нэг талаас онцлог, нөгөө талаас давуу тал гэж ойлгож болно. Мөн суралцагчдаа зөвхөн сургалтын үйл явцаар хязгаарлалгүй цаашид тасралтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлэх сэдлийг төрүүлж, байнгын мэдээллээр хангах зэргээр шууд үр дүнгээ өгөхгүй ч тодорхой хугацааны дараа нөлөөлөх алхмыг хэрэгжүүлэх нь чухал. Бид яг л ийм зарчмаар ажиллаж байна. Ер нь ямар ч боловсролын байгууллагын үр дүн шууд харагддаггүй удаан хугацааны дараа л үр нөлөө нь мэдэгддэг нь сул тал байж мэднэ. Учир нь тодорхой арга барилыг олох, мэдээллийг боловсруулж, өөрийн болгох үйл явц, хугацаа хүн бүрт өөр байдаг. 

Манай боловсролын салбар дахь тулгамдсан асуудлын нэг бол яалт ч үгүй боловсон хүчин. Энэ салбарт бизнес эрхэлж буй хүн их хэмжээний ашиг олдоггүй нь үүнтэй холбоотой байж мэднэ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд салбарынхаа онцлогийг ажиглахад үнэхээр энэ салбартаа ажиллая гэсэн чин сэтгэлтэй, хүсэл эрмэлзэлтэй хүмүүс нь л үлддэг юм байна. Өөр нэг асуудал бол бидний хүч хөдөлмөрөө зарцуулж, хичээл зүтгэл гарган байж, хүргэж буй албан ёсны эрхтэй контентуудыг хууль бусаар бусдад түгээх, хулгайлах тохиолдол мэр сэр гардаг. Доторх контентоос нь болж компьютероо хүртэл хулгайд алдаж байлаа. Гэхдээ бидэнтэй хамтран ажиллаж буй байгууллагуудаас  тодорхой давтамжтайгаар контентуудаа шинэчлэн ирүүлдэг нь асуудлыг намжааж байна. Мөн монголчууд маань нэг үеэ бодоход боловсролын үнэ цэнийг харьцангуй ойлгож, үнэлдэг болжээ. Тиймээс ч боловсролдоо хөрөнгө оруулах сонирхолтой болсон байна. Ингэж байж л цаашид сайн сайхан явна гэдгээ маш сайн ухамсарлах болж.  

Танай сургалтын нэг гол чиглэл топ түвшний удирлагуудад зориулагдсан байдаг. Тэгэхээр сүүлийн үед удирдлагын түвшний хүмүүст байх ёстой гол ур чадваруудад юу нэрлэгдэж байгаа вэ?

Өмнө нь үлгэр дуурайл үзүүлж, баг, хамт олныхоо өмнө хамгийн хүчтэй, алдаа гаргадаггүй, ухаантай нь байх ёстой гэсэн хандлага түгээмэл байсан бол сүүлийн үед энэ бүхэн өөрчлөгдөж, нээлттэй хаалганы бодлого (open door policy) гэж их яригдах боллоо. Та заавал хамгийн ухаантай, хүчирхэг нь байх албагүй. Харин баг, хамт олноо ойлгодог, энгийн, ерөөсөө л хүн байх ёстой. Ингэж байж та багаа удирдана. Өмнө нь 9-18 цагийн хооронд ажиллавал асуудалгүй гэж үздэг байсан бол одоо илүү гүйцэтгэлд суурилсан үнэлгээ рүү орчихлоо. Мөн чин сэтгэлээсээ манлайлах (authentic leadership) хандлага давамгайлж байна. Өөрөө өөрийгөө олчихсон хүн бусдад илүү чин сэтгэлээсээ ханддаг. Би жил бүр Харвардын их сургуульд очиж таардаг. Тэнд ажиглагч оюутны хувиар лекцүүдэд хамрагдаж болдог. Тэгэхээр та бүхэн ч бас Харвардад зочлохдоо ажиглагч оюутнаар оролцоорой гэж хэлье. Тэгэхэд Харвардын профессор “Би та бүхний өмнө гараад хичээл зааж байгаа нь та нараас ухаантай гэсэн үг биш ээ…” гэж хэлж байсан. Үнэхээр энгийн даруу атлаа юмсын цаад утга учрыг ойлгочихсон хүмүүс санагдсан. Яг л ийм манлайллыг бий болгож буй компаниуд илүү амжилт олж байх шиг байна.

“Дарга байлаа гээд заавал ажилтнаасаа ухаантай байх албагүй” гэж та хэллээ шүү дээ. Өөрт тань үүнтэй төстэй туршлага бий юү?

 

Стэнфордын их сургууль руу явж ирээд би тус сургуулийн шилдэг төгсөгч, мөн төрөлх сургуульдаа хичээл заадаг Эйми Томассо гэх эмэгтэйг авчирч, “Гүрэн” академидаа ажиллуулсан. Тэрбээр Стэнфордод creative writing-ийн хичээл зааж байсан нь надад маш чухал санагдсан учраас түүнд санал тавьсан хэрэг. Манайхан бичгийн ач холбогдлыг бага ойлгодог шүү дээ. Тиймээс эссэ бичихдээ байнга алдаа гаргадаг. Ингээд олон газраас хичээл заалгах урилга ирүүлсэн байсан ч түүнийг сайн ятгасны үр дүнд (инээв) Монголд ирүүлж чадсан. Түүнтэй цуг ажил хэргийн уулзалтад явж байхад түүнийг удирдлага, намайг ажилтан нь гэж хүлээн авах тохиолдол цөөнгүй гарсан. Та монгол хүн байлаа гээд топ сургууль төгссөн, чадварлаг боловсон хүчнийг удирдаад ажиллуулахад юу нь болохгүй гэж. Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэж залууст хэлмээр байна. Түүнийг гурван сар “Гүрэн” академид ажиллах хугацаанд өөрөөсөө ухаантай, чадамжтай хүнийг ажиллуулах нь хэчнээн амар байдгийг ойлгосон. Би ажил үүрэг хариуцууллаа, тэр хүн ямар ч асуудалгүй хийдэг. Энэ маягаар гурван сарын турш ажил хэрэг маш хурдтай өрнөсөн. Маш их уншдагийн зэрэгцээ судалгаануудыг тун хурдтайгаар нэгтгэж, санал бодлоо мөн богино хугацаанд солилцож, эцсийн шийдэлд хүрч чаддаг байв. Тэрбээр Стэнфордын их сургууль руу буцсан ч одоог хүртэл манай академийн зөвлөхөөр ажиллаж байгаа.

Удирдах түвшний хүмүүс одоо байгаадаа, өнөөдрийг хүртэл хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа ханачихсан байдал анзаарагддаг. Захирлууд яагаад “Гүрэн” академийн сургалтад суух ёстой вэ?

2015 оноос хойш манай академи топ түвшний executive нартай хамтран ажиллаж байна. Энэ туршлагаасаа үзэхэд топ түвшний захирлууд, бизнес эзэмшигчид хэзээ ч ханасан сэтгэхүйтэй байдаггүй. Хоёрдугаарт, бидний эргэн тойрон, бизнесийн орчин хурдацтай өөрчлөгдөж байгааг тэд мэдэж байгаа учраас суралцах ёстой гэдгээ маш сайн ухамсарласан байдаг. Гуравдугаарт, тэд практикаар олж авсан мэдлэг сайтай байдаг ч онолын түвшинд системтэй, орчин үеийн шинэлэг мэдээ, мэдээллийг олж авахын тулд чармайдаг. Ийм мэдлэг тэдэнд нэн хэрэгтэй байдаг учраас “өлссөн” мэт суралцаж чаддаг. Мөн суралцах хугацаандаа өөрийн болоод өрөөлийн цагийг ихээхэн хүндэтгэж, сурсан шиг сурдаг шилдгүүд байдаг гэдэг нь их анзаарагдсан.  

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай уулзсан маань хичээвэл бүх зүйл болох юм байна гэсэн урам зориг өгсөн. 

Сургалтад хамрагдсан топ түвшний удирдлагуудын менежментийн арга барилд ямар өөрчлөлтүүд гардаг вэ?

Манай сургалтад хамрагдсан захирлууд системтэй мэдлэг олж авч, өмнөх туршлагаа ч цэгцэлж чаддаг учраас удирдлагадаа ажиллаж буй хүмүүсээ ч суралцуулах нь бий. Энэ бол маш том ахиц. Өөртэйгөө ижил түвшинд ажилтнуудаа сургахгүй бол менежментийн нэг хэлээр ярьж чадахгүй. Харин адил түвшний мэдлэг эзэмшсэн тохиолдолд нэг менежментийн хэлтэй болдог. Тухайлбал, “Гүрэн” академийн сургалтын хөтөлбөрт хурал удирдах талаар хичээл бий. Хурал удирдах соёлыг төлөвшүүлэхэд тухайн байгууллагын соёл маш чухал нөлөөтэй. Хурлын зорилго, хэрхэн бэлдэх, хэн оролцох (онцын шаардлагагүй хүнийг хуралд заавал оролцуулж, цагийг нь үрж болохгүй), хурлаар ярьж, хэлэлцэх зүйл, хуралд оролцох хүмүүс юу бэлдсэн байх ёстой, мөн хурлын үр дүн юу байх талаар манай хичээлээс удирдлагууд мэдэж авдаг. Товчхондоо, бүх зүйл тодорхой байх ёстой. Яг ийм байдлаар шат шатны удирдлагууд хурлаа удирдаад сурчихвал маш амар болно. Өмнө нь хуралд суух шаардлагагүй ажилтан суухгүй гэдгээ илэрхийлбэл үл тоох хандлага гаргалаа гэх зэрэг шүүмжлэлд өртдөг байсан бол “Гүрэн” академийн сургалтад хамрагдсанаар энэ бүх сөрөг байдал үгүй болдог. Байгууллага менежментийн нэг хэлээр ярьж эхлэх нь ийм л давуу тал, үр нөлөөтэй. Тэгэхээр шууд үр дүн гардаг гэхээсээ илүү урт хугацаандаа үр нөлөөтэй нь анзаарагдаж байна. 

“Гүрэн” академийн хичээлүүд онлайн, танхим хосолсон байдлаар ордог гэж та өмнө нь ярьж байсан. Тэгвэл онлайн сургалтын ач холбогдлыг хэрхэн тайлбарлах вэ? 

Би онлайн сургалт гэдэг зүйлтэй 2011 онд анх танилцаж байлаа. Тухайн үед “Энержи Ресурс” компанийн нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл дээр ажиллаж байсан юм. Уг төслийн менежментийг австраличууд хариуцаж байсан бол харин би төслийн зохицуулагчаар ажиллах болсон. Гэтэл мэдэхгүй зүйл их гарч ирж байсан тул нэмж суралцах хэрэгтэйг ойлгосон. Тэр үед энэ чиглэлээр сургалт зохион байгуулдаг газар Монголд байгаагүй учраас онлайнаар хайж яваад АНУ-ын Виллановагийн их сургуульд яг хүсэж байсан төслийн менежментийн хөтөлбөр байдгийг олж мэдээд шууд бүртгүүлсэн. Ажлаа тараад шууд харилгүй хичээлээ үзэхээр үлддэг байлаа. Ингээд жилийн дараа төслийн мастер зэргээ авсан. Ингэж л би төслийн хэлээр ярьж эхэлсэн дээ. Удалгүй сертификатаа шуудангаар хүлээн аваад онлайн хичээлийн үр дүнг жинхнээсээ мэдрэх шиг болсон. Үүнээс хойш өнөөг хүртэл тасралтгүй суралцсаар байна. Тасралтгүй суралцах дадал маань ингэж л бий болсон. Мөн энэ үеэс эхлэн хүмүүс яагаад энэ талаар мэддэггүй, зөвхөн Монголдоо танхимын сургалтаар хязгаарлагддаг юм бол гэж бодож эхэлсэн.  Тиймээс энэ чиглэлээр өөрийн хувь нэмрийг оруулах хүсэл эртнээс төрсөн гэхэд болно.  Өнөөдөр “Гүрэн” академи маань хамтрагч байгууллагуудынхаа ашигладаг албан ёсны контентыг эх хэл рүүгээ хөрвүүлж, модератор багшийн тусламжтайгаар онлайн, танхимын хосолсон сургалтын хөтөлбөрийг боловсруулан хичээллэж байна. Энэ ч утгаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг олгодог. Насанд хүрэгчдэд зориулсан хөтөлбөрийн маань онцлог гэвэл тухайн орны соёлоос үл хамааран хоорондоо ойлголцож, ярьдаг нэг хэл болсон компьютерийн, бизнесийн, санхүүгийн, менежментийн хичээлийг сонгон ордог. Жишээлбэл, менежментийн хичээлийг англи, монгол хоёр хэлээр зэрэг үзээд ирэхээр тухайн хүний хэлний чадвар хурдан сайжирдаг.

Байгууллага менежментийн нэг хэлээр ярьж чадвал багийн гүйцэтгэл ч сайжирна.

Та салбарын олон манлайлагчтай ажлын хүрээнд уулздаг. Тэдний дундаас онцлом уулзалт, хүн хэн байв?

2015 оноос хойш боловсролын салбарт ажиллаж буйнхаа үр шимээр Монголын төдийгүй дэлхийн нөлөө бүхий хүмүүстэй уулзаж, ярилцах, тэднээс үлгэр дууриал авч, суралцах боломжоор дүүрэн байлаа. Ер нь хүн уулзаж учирсан хүмүүсийнхээ цар хүрээгээр хөгжиж тэлж байдаг шиг санагддаг. Энэ бүгдээс хамгийн сонирхолтой нэгэн хүнтэй уулзсан нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп байв. Түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхад Флоридагийн эрэгт байрлах, өөрийнх нь эзэмшлийн Мар-а-Лаго (Mar-a-Lago) эдлэнд уулзсан маань маш дурсгалтай үйл явдал болсон. Бидэнд зөвхөн кофе уух зуураа ярилцах цаг байсан боловч тэрбээр оройн хүндэтгэлийн зоогтоо биднийг урьж, нэгэн үдшийг дэлхийн нөлөө бүхий улстөрч, бизнесийн хүрээллийнхэнтэй өнгөрүүлэх боломж олгосон нь нэр төрийн хэрэг байлаа. Доналд Трамп миний төсөөлж байснаас огт өөр хүн байсан. Бүгд л түүнийг мундаг бизнесмэн гэдгээр нь мэддэг шүү дээ. The Apprentice реалити шоунаас нь харахад тэр нэлээд ширүүн дориун, хурц ааш араншинтай, чанга дуутай хүн байдаг болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр. Харин уулзаад үзэхэд их зөөлөн дуугаар цэгцтэй ярьдаг, хүмүүстэй тун хүндэтгэлтэй харьцдаг, маш харизмтай хүн байсан. Мөн алкохоль огт хэрэглэдэггүй юм билээ. Оройн зоогийн үеэр шилэн аягатай ус барьж байгаад л ерөөлийн үгээ хэлчихэж байгаа юм. Ер нь хүмүүс амжилттай явах тусмаа л илүү цэгцтэй, даруухан болдог юм болов уу гэж бодсон доо. Түүний улс төр дэх характер болон хувь хүн нь хоорондоо ялгаатай мэт санагдсан.  

Сүүлийн үед ментор гэх шинэ сэдэв хүч түрэн гарч ирж байна. Танд ментор бий юү? 

Би ментортой байхын давуу талыг мэдрээд явж байгаа хүний нэг. Гэхдээ ментортой байлаа гээд эцсийн шийдвэрийг би өөрөө л гаргана. Ер нь хүн өөрийн гаргасан шийдвэртээ үнэнч байж, хариуцлагаа үүрч сурах нь маш чухал гэж боддог. 

Боловсролын салбарын ачаар би сүүлийн нэг жилийн турш Стэнфордын их сургуулийн алдартай профессороос үргэлж зөвлөгөө авдаг болсон. Мөн Чикагод амьдардаг нэг супер эдийн засагчтай байнга холбоотой байж зөвлөмжийг нь сонсдог болоод удаж байна. Тэдэнд цаг бол алт учраас надтай  Skype-аар 15 минут ярихдаа  алт шиг хэдэн үг хэлээд л яриагаа дуусгана шүү дээ. Мэдээж Монголдоо хамтран ажилладаг партнеруудаасаа их зүйл сурч, хөгжиж байна. 

Манай үеийнхэн хамтран ажиллах, си-энержи үүсгэх, санаа бодлоо нээлттэй солилцох, бие биенээ дэмжиж ажиллах тал дээр маш сайн гэж ажиглагдаад байгаа. Ер нь тэгээд бие биедээ урам зориг өгч, дэмжиж байж л бид хамтдаа хурдтай урагшилна шүү дээ. Мэддэгээ нуусан нь биш хуваалцсан нь илүү амжилттай явдаг болсон үед амьдарч буйгаараа бид их азтай.