Чадваргүй босстойгоо хэрхэн учраа олох вэ?
11/29/2022“Би энэ даргаас юу ч сурахгүй юм билээ” гэдэг үгийг шинэ үеийн олон залуус ажлаас гарахдаа хэлдэг болжээ. Тодруулбал, даргыгаа хуучны сэтгэлгээтэй, нэмээд загнадаг шигээ чадвартай биш учраас орхидог байна.
Муу босс, товчхондоо, ажил хийх урам зориг унтрааж, эрч хүч сордог. Цаашлаад, тэвчээр барж, ажлаа хаяхад түлхдэг. Энэ бол нэг үе нөгөөгөөр солигдон шилжих цаг дор улам эрчимждэг мөнхийн тэмцэл.
Өдгөө цаашид ялгаатай нь олон нийт дунд ил шүүгдэх нь “газар авч”, алга урвуулахын хооронд зарим тааруу босс "хусагдана". Зарим нь өөрөө саналаараа бууж өгнө. Нөгөө талаас #influencer боссуудын туршлагыг энэ цаг үед олон байгууллагад, өөр орнуудад хүртэл хуваалцаж, нөлөөллийг нь хил дамнуулж байна. Өдгөө ажилд орж буй шинэ үеийн залууст өсөлтийн сэтгэлгээг дэмжсэн орчин ба өрсөлдөх чадвар өндөртэй “influencer” удирдлага байгаа эсэх чухал нөлөөтэй.
Бидний дийлэнх нь гарааны ажилтан байж үзсэн, бас хэцүүхэн даргатай байж үзсэн. Хаяад явах сонголт маш ойрхон бас амархан. Гэхдээ Та зүгээр л олон янзын зан чанар, хэрэгцээ, хүсэлтэй хүмүүстэй харилцан зөвшилцөж, нэгтгэн үр дүнд хүрдэг тэрхүү #influencer ур чадварыг эзэмших боломжоос зугтаж байгаа юм биш биз? Өөрийгөө харуулах, бусдад нөлөөлөх боломж гэж харалгүй буугаад өгчихсөн байх вий.
“Google” компанийн Хүний нөөцийн захирлуудын нэг Лиза Стерн Хаес “Бид ажлын ярилцлагын үеэр тухайн хүний дасан зохицож, хурдан суралцах чадвар мөн асуудал шийдвэрлэх гэж сониучирхан мөшгөдөг зан төлөвийг үнэлж хардаг” хэмээн саяхан CNBC-д өгсөн ярилцлагынхаа үеэр ярьсан. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ба технологийн дэвшлүүд бидний ажлын байрыг бүрмөсөн устгаж, мөн үүргийг нь өөрчилж буй энэ үед нэгээс нөгөө рүү үсэрч ороод ажиллачих олон ур чадвартай, өөрчлөлтийг дагаад хөрвөх тийм л хүмүүсийг ирээдүй хүлээж авч үнэлнэ.
“Би лав ийм тэнэг дарга болохгүй” гэж хэцүүхэн даргатай учрахаараа гомдон бодож, тэрхүү мэдрэмжээ эргэн тойрныхонтойгоо хуваалцан сургамж болгон ярих тохиолдол түгээмэл. Гэвч бидний зарим нь “нэг мэдэхэд тэр тэнэг дарга нь өөрөө болчихсон байсан” гэж бас хожмоо хэлж, яаж яваад энэ хүрснээ гайхах нь бий. “Дарга байх амархан биш. Мөн ажилтнаасаа илүү ухаантай байх ч албагүй. Гэхдээ өсөж хөгжихөд өөрийгөө чиглүүлдэг байх л удирдагчийг хөрвөх чадвартай, бүх үеийнхэнтэй ойлголцдог манлайлагч байлгадаг” хэмээн Гүрэн академийн захирал Б.Даваасүрэн ярилцлагадаа онцолжээ.
“Даргаас гуйхын тулд ханддагаас туслахын тулд өрөөнд нь ордог мэргэжилтэн маш ховор”
Ажилтнуудын 75-85 хувь нь даргатайгаа харилцах харилцааны улмаас ажлаа орхидог байна. Өөрөөр хэлбэл, байгууллагыг бус даргыг л орхин холддог гэдгийг “World Class Manager” хөтөлбөрийг суралцагч 700 гаруй байгууллагын судалгаа харуулжээ. Бусдын учрыг олж, “маневрлан” тэмцэж суралцдаг тэр чадвар дутаад байна уу, эсвэл үнэхээр эртхэн өөр зам мөр хөөх нөхцөл хоёрыг ялгах хэрэгтэй гэсэн үг.
Өдрийн турш бидний сэтгэл санаа янз бүрийн нөхцөлд орон өдөөгдөж байдаг. Үргэлж эерэг байх боломжгүй. Утгагүй ажил гэнэт дарга даалгах, хэн нэгэн ажлын хүн эсвэл захирал мэдрэмжгүй зүйлс хэлэх, загнах, чухал уулзалтаас хасагдах, гэх мэт олон шалтгаан нөлөөлж болно. Үүнийг сэтгэлзүйч Даньел Кольман ажлын эрч хүч булаагч гэж нэрлэдэг. Иймэрхүү тохиолдолд сэтгэл хөдлөл бүх удирдлагыг гартаа авч “Зугт эсвэл тэмц” гэсэн дохио бидний бүх эд эст өгдөг. Энэ үед бид эрүүлээр сэтгэхэд хүндрэл үүсэж, эцэстээ зохисгүй зан авир, хяналтаа алдсан гэнэтийн шийдвэр гаргачихдаг талтай.
ТЭМЦ!
Удирдлагатайгаа учраа олох гэдэг хамгийн дээд CEO эсвэл хүний нөөцдөө гомдол гаргаад, арга хэмжээ авхуулахыг хэлэхгүй. Түүнээс өмнө, тэдний бодож мэдэрч буй зүйлийг ойлгон, тэгснээр илүү сайн холбогдох боломжийг бүрдүүлж, дасан зохицох гэж оролдож тэмцсэний дараа “зугтах” сонголт руу очихыг хэлж буй юм. Бүгдэд харилцан ашигтай WIN:WIN:WIN үр дүнг бий болгож чаддаг, байгууллагын улс төрийг удирддаг тэрхүү нөлөөлөгч байхад хамгийн түрүүнд олон янзын хүмүүстэй харилцаж, нэгтгэж сурахаас эхэлнэ. Сайн харилцаатай байх нь тэдэнд нөлөөлөх боломжийг нэмэгдүүлдэг.
“Чадваргүй удирдлагаа хэрхэн удирдах вэ” гэдэг шинэ үеийн залуу ажилтнуудад зориулсан “Harvard Business Review” сэтгүүлд нийтлэгдсэн зөвлөмжид:
- Нэгт, бусдын оронд өөрийгөө тавьж үзээд, даргыгаа ямар дарамт шахалтад ажиллаж амьдардгийг мэдэж аваад, сайн удирдагч байхад нь туслах аргуудыг турш, хүнлэг бай гэжээ. Цаашид дэмжүүлэх дэмжигчдийн хүрээлэлдээ өмнөх дарга захирлуудаа багтааж чадах нь насан туршийн “хөдөлдөг” хөрөнгө л гэсэн үг.
- Хоёрт, үнэхээр аврал үгүй асуудалтай даргатай таарсан бол тэднээс ирж буй #toxic хандлагыг удаан тээж, өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндээ доройтуулахгүй байхад анхаар. Харин ажлын үр дүн, хамт ажиллагсдынхаа эерэг дулаан уур амьсгалд анхаарлаа шилжүүлж сур.
- Гуравт, даргын даалгавар ба хүлээлтийг яв цав баримтжуулан нийцүүлж, биелүүлэх нь асуудалд орохоос сэргийлнэ. Ажлаас гарах үед ч, харилцан тохиролцоог тэнцүүлэхэд баримт хэрэгтэй.
“Дэлхийн түвшний менежер” хөтөлбөрт хэцүү яриаг зөвхөн дарга санаачилж хийх албагүй гэж зөвлөдөг. Ажилтан Та ч даргаа кофе уухад уриалж, 1:1 уулзалтыг оффисын гадна чөлөөт орчинд санаачлан хийж болно. Ингэхдээ даргадаа тусалж, учраа ололцохыг хүсэж буй гэх эерэг хандлага харуулбал, зөрчлийг шийдвэрлэхэд ойртоно. Учир нь даргаас гуйхын тулд ханддагаас туслахын тулд өрөөнд нь ордог мэргэжилтэн маш ховор. Энэ талаар бодож ч үзээгүй байх нь элбэг. Тиймээс хэцүү яриаг Та гартаа авч, удирдах боломжтой. Жишээ нь, “Тийм гэхдээ”…гэж ярих нь цаад талдаа үл тоогдсон мэдрэмж төрүүлдэг бол “Тийм ээ, тэгээд….” гэж хэлэх нь санал нэгдэж буйг илэрхийлж мөн нэмж санал хэлэх орон зайг бий болгодог байна.
ЗУГТ!
“Тэсэж үлдэх тэмцэлд өдөр бүр орж, асуудлыг яаж ч шийдэх гэж оролдоод олонтаа бүтэлгүйтэж, ажилдаа очихоос халгаж, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч, чөлөөт цаг руу таагүй мэдрэмж халдварлаад чамгүй хугацааг өнгөрүүлж байгаа бол ЗУГТ” гэж 700 СЕО-д дэлхий даяар зөвлөн ажилладаг Global Growth Institute-ийн захирал Вейн Кларк зөвлөж байна.
Дарга учраа ололцохоос бултаж, чадваргүй байдлаа шалтгаар өмгөөлөн, хөгжихөөс татгалзаж буй бол, мөн байгууллагын бусад удирдлага энэхүү асуудлыг барьж авч шийдэхэд бэлэн биш байвал үтэр түргэн холдон яв.
Яаралтай! Амьдрал богинохон. Мөн чадваргүй байдал ба зогсонги сэтгэлгээ нь тэднийг хойш чирээд зогсохгүй Таныг ч доош чирнэ. Учир нь энэхүү хурдан ахиж бас өсөх үед зогсоно гэдэг бол ухралт.