Сурагчдын аливаа ажлыг хойш тавьдаг асуудлыг хэрхэн засах вэ?
09/15/2025Энгийн нэгэн стратеги нь сурагчдад даалгавруудаа жижиг хэсгүүдэд хувааж төлөвлөхөд тусалж, ажлыг цаг тухайд нь гүйцэтгэх боломжийг олгодог.

Урт хугацаанд хийгдэх төслүүд ба даалгаврууд нь олон сурагчдын хувьд хэцүү сорилт болдог. Ийм төрлийн ажлуудыг хийхэд төлөвлөлт болон цагийн менежмент зэрэг удирдлагын ур чадварууд шаардагддаг. Харамсалтай нь, сурагчид иймэрхүү даалгавруудыг хийхээс зайлсхийх, хойшлуулах хандлагатай байдаг. Учир нь эдгээр нь хэт том, төвөгтэй мэт санагддаг. Үүний үр дүнд даалгаварын хугацаа хожимдох, бүрэн дуусаагүй байх тохиолдол гарч болзошгүй. Мөн зарим сурагч олон долоо хоногийн турш хийх ёстой ажлыг ганцхан шөнө хийх гэж оролдож, маш их стресс авах нь бий.
Энэхүү хэт ачаалал, хойш тавих асуудлыг шийдэх үр дүнтэй арга бол танд нэмэлт ажил үүрэг нэмэхгүйгээр зөвхөн заах арга барилдаа бага зэрэг өөрчлөлт оруулахад л хангалттай “шинжиж, төлөвлөх” (scan and plan) арга юм. Энэ аргыг ихэвчлэн олон алхамтай даалгаврыг өгөх үед хэрэглэдэг.
“Шинжиж, төлөвлөх” арга
“Шинжиж, төлөвлөх” аргын үед багш нар сурагчдыг даалгавар эсвэл үүрэг даалгаврын мэдээллээр алхам алхмаар танилцуулж, тодорхой зорилготой ажиллуулдаг: шинжиж үзэх ба төлөвлөх. Сурагчид даалгаврын мэдээллийг уншиж танилцаж байхдаа өөрсдөөсөө дараах гурван асуултыг асууж, тодорхойлохыг зорьдог. Үүнд: Энэ хэдэн онооны даалгавар вэ? Энэ даалгаврыг дуусгаад би юу сурч авах вэ? Хураалгах хугацаа нь хэзээ вэ? Ийм байдлаар сурагчид тухайн даалгаврынхаа хамгийн чухал хэсгүүдийг хуваарилан хийдэг.
“Шинжиж, төлөвлөх” арга нь мөн анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг: тэдний тархи “нэн чухал мэдээллийг хайх” байдлаар идэвхтэй ажилладаг. Гайхалтай нь, даалгаврын шаардлагыг тодорхой харснаар олон сурагч ойлгомж, тайвшралыг мэдэрдэг. Анх айдас төрүүлж байсан даалгавар тодорхой, хялбар байж болохыг тэд ойлгодог. Ихэнх тохиолдолд сурагчид уг даалгаврын талаар анхны сэтгэгдэл нь бодит байдлаас хавьгүй хүнд байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
“Шинжиж, төлөвлөх” аргыг өргөн хүрээтэй ойлголттой холбох нь
Сурагчид “оноо, эцсийн үр дүн, хураалгах огноо” гэсэн гурван гол асуултад хариу олсны дараа багш нар тэднийг хувийн төлөвлөгөө боловсруулах ажилд татан оролцуулж болно. Та сурагчдад том даалгаврыг жижиг хэсгүүдэд хуваахад тусалж болох бөгөөд үүний тулд тухайн даалгаврын заавар, сэдэв зэргийг ашиглан жагсаалт үүсгэх, чиглүүлэг дээр дугаар нэмэх гэх мэт аргыг хэрэглэж болно. Ингэснээр даалгаврын бүх хэсгийг тус тусад нь авч үзэх боломж бүрдэнэ. Урт хугацааны даалгаврыг үр дүнтэй хуваах өөр нэг арга бол тухайн даалгаврыг гүйцэтгэж буй үйл явцыг төсөөлөн бодох юм. Төсөөлөлд багтсан хэсэг бүр нь нэг алхам болж хувирч болно.
Жишээлбэл, хэрэв сурагчид судалгааны өгүүлэл бичих гэж байгаа бол тэд дараах үйл явцыг төсөөлж болно: судалгааны асуулт боловсруулах, нийтлэл хайх, унших, уншсан зүйлээ тэмдэглэж тэмдэглэл хөтлөх гэх мэт. Тэдний төсөөлсөн үйлдэл бүр нь төлөвлөгөөний жижиг алхам болж хувирна. Хэрэв эдгээр алхмууд дараалалтайгаар хийгдэх шаардлагатай бол багш нар тэдгээрийг хураалгах хугацаанаас эхлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрхэн хийхийг зааж өгөх боломжтой. Энэ аргыг урагшаа биш харин хойш тооцоолох төлөвлөлт (backward planning) гэж нэрлэдэг.
Эцэст нь, багш нар сурагчдад өөрсдөдөө хуваарьт дэд хугацаа (mini-deadline) болон шалгалтын цэгүүд (checkpoints)-ийг том даалгаврын явцад тогтоож, эдгээрийг хуанли дээрээ тэмдэглэхийг зааж болно. Зарим сурагчид эдгээр дэд хугацаанд хүрсэн тохиолдолд өөртөө жижиг урамшуулал өгөх дуртай байдаг. Энэ нь зуршил үүсгэх эерэг стратеги бөгөөд тухайн алхам эсвэл ажлыг хугацаанд нь хийж дуусгах магадлалыг нэмэгдүүлдэг.
Явцыг хянах, төлөвлөгөөг шинэчлэх
Сурагчид даалгаврыг шинжиж төлөвлөгөө боловсруулсны дараах хэд хоног, хэдэн долоо хоногийн хугацаанд асуудлууд тулгарах боломжтой. Тэдний анх бодож байсан шиг хурдан амжих зүйл илүү урт хугацаа шаардсан эсвэл анхаарлыг нь сарниулах бусад ажлууд гарч ирсэн байж болно. Жишээ нь, сурагч орой уг даалгавараа хийхээр төлөвлөсөн ч тухайн цагт спортоор хичээллэх эсвэл өөр нэгэн сургуулийн гадуурх үйл ажиллагаатай байсныг мэдэлгүй цаг алдаж болдог. Ийм нөхцөлд ангид өдөр тутмын ажлын шалгалт, дүгнэлт хийх богино хугацааны хяналт нэмэх нь тустай. Багш нар сурагчдыг өөрийн ахиц дэвшлийг эргэцүүлэн бодох, тулгарч буй саад бэрхшээлүүдээ тодорхойлох, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд чиглүүлж чадна.
Сурагчид өөрийн бэрхшээлийг анзаарсан даруйдаа төлөвлөгөөгөө шинэчилж, даалгаварын хувийн хуанли дээрээ тохируулга хийж болно. Түгээмэл тулгардаг бас нэг хүндрэл бол сурагчид тухайн өдөр хийх боломжгүй олон ажлыг нэг өдөрт багтаахыг оролдох явдал юм. Ажлын жагсаалтаа гаргахдаа тухайн ажилд шаардагдах хугацааг тооцохгүй байснаар хэт их ачаалал авч, ядарч туйлдах эрсдэлтэй.
Ангийн хэмжээнд төслийн явцын хяналтыг тогтмол хийх нь сурагчдыг эдгээр хүндрэл бэрхшээлд эргэцүүлэн хандахад тусалж, дахин давтахгүйн тулд стратеги нэмэх боломжийг олгодог. Жишээлбэл, хийж буй ажлынхаа хажууд цагийн тооцоо нэмэх зэргээр өөртөө илүү ухаалаг хуваарилалт хийх боломжтой болно.
“Шинжиж, төлөвлөх” арга нь сурагчдад олон алхамт даалгаваруудыг удирдан зохион байгуулахад тусалдаг. Тэд юуг бүтээх гэж байгаагаа, энэ нь дүнгийн хэдэн хувийг эзлэхийг, мөн хэзээ хураалгахыг тодорхойлох замаар зохион байгуулалтын чадвараа хөгжүүлдэг. Энэхүү арга нь сурагчдын бие даасан байдлыг дэмжих үр дүнтэй стратегийг бий болгож, хойш тавих хандлагыг бууруулахын зэрэгцээ удирдлагын ур чадварыг (executive functions) хөгжүүлэхэд чухал үүрэгтэй юм.
https://www.edutopia.org/article/teaching-students-not-procrasinate