Ой тогтоолтоо сайжруулах аргууд

10/13/2025

Та яагаад зарим дууны аяыг олон жилийн дараа ч санадаг хэр нь өчигдрийн хурал дээр яригдсан тоонуудыг мартаад байдаг юм бол? Энэ нь таны тархи хэрхэн мэдээллийг кодолж, хадгалж, сэргээдэгтэй холбоотой. Сэтгэл судлалын шинжлэх ухаан олон арван жилийн турш хүний ой тогтоолтын онцлогийг судалсаар ирсэн бөгөөд зөв арга барил хэрэглэснээр бид санах чадвараа мэдэгдэхүйц сайжруулж чадна. Тэгвэл танд ой тогтоолтоо сайжруулах аргуудыг хуваалцъя.

1. Сэргээн санах дасгал

Ахин дахин унших бус, өөрөөсөө асуулт асууж, хариултыг санахыг оролдох нь ой тогтоолтыг сайжруулахад тусалдаг. Үүнийг сэргээн санах дасгал гэж нэрлэдэг. Roediger ба Butler (2011) нарын судалгаагаар тогтмол сэргээн санах дасгал хийдэг хүмүүсийн урт хугацааны санах чадвар илүү өндөр байжээ. Жишээлбэл, та "benevolent" гэх англи үгийг сурч байлаа гэж бодъё. Та энэ үгийг харахгүйгээр "benevolent гэж юу гэсэн үг билээ?" гэж өөрөөсөө асуугаад, "сайхан сэтгэлтэй" гэж өөрөө санахыг оролдвол ой тогтоолтод илүү удаан хадгалагдана.

2.Зайтай давталт

Хүн мэдээллийг нэг дор цээжлэхээс илүү, тодорхой хугацааны завсарлагатайгаар давтах үед удаан хадгалдаг. Жишээ нь, та шинэ зүйл сурсан бол маргааш нь дахин давтах, гурав хоногийн дараа дахин сэргээн санах гэх мэт байдлаар зайтай давтах нь тухайн мэдээлэл тархинд удаан хадгалагдахад тусалдаг.

3.Гүнзгий боловсруулалт 

Мэдээллийг зөвхөн гаднаас нь цээжлэх биш, түүний утга агуулга, өөрийн мэдлэг туршлагатай холбон ойлгох нь ой тогтоолтыг илүү үр дүнтэй болгодог.
Жишээ нь, та “photosynthesis” гэдэг үгийг сурахдаа зөвхөн “нарны гэрэл ашиглан ургамал хүнсээ бүтээдэг” гэж цээжлэх биш, харин өөрийн цонхон дээрх кактусыг наранд тавих үед ургаж байгаатай холбон ойлговол энэ мэдээлэл илүү сайн тогтоогдоно. 

4.Хоёр кодчиллын арга

Мэдээллийг зөвхөн үгээр унших биш, зураг, схем, дүрслэлтэй хослуулан сурах нь тархинд хоёр сувгаар мэдээлэл дамжих боломж олгож, цээжлэх чадварыг нэмэгдүүлдэг. Жишээлбэл, та “тархины бүтэц”-ийг судалж байлаа гэж бодоход  зөвхөн текстээр уншихын оронд бүдүүвч зураг, өнгөт схемийг ашиглан дүрслэн үзэх нь тухайн ойлголтыг илүү гүнзгий тогтоох боломжийг бүрдүүлнэ. 

5.Нойр, дасгал, мөн стрессээ бууруулах

Нойр: Унтаж байх үед тархи шинэ мэдээллийг урт хугацааны ойд оруулж тогтворжуулдаг. Иймээс чанартай сайн нойр тогтмол авах хэрэгтэй.

Биеийн дасгал: Тогтмол биеийн хөдөлгөөн, ялангуяа аэробик дасгал (жишээ нь хурдан алхах, гүйх) нь тархины ой тогтоолттой холбоотой хэсэг болох гиппокампын үйл ажиллагааг сайжруулж, шинэ мэдээлэл сурахад дэмжлэг үзүүлдэг. 

Бясалгал ба майндфулнесс: Эдгээр нь анхаарал төвлөрөл сайжирч, стресс буурахад тусалдаг. Ингэснээр ой тогтоолтод эергээр нөлөөлдөг байна.

6.Төсөөлөх арга

Өнгөрсөн болон ирээдүйн тодорхой нөхцөл байдалд өөрийгөө төсөөлөх нь тухайн цаг үеийн мэдээллийг илүү сайн сэргээж санахад тусалдаг. Ой тогтоолт бол төрмөл бус, хөгжүүлж болдог чадвар юм. Зайтай давталт, сэргээн санах дасгал, төсөөлөх арга зэрэг нь шинжлэх ухаанаар батлагдсан үр дүнтэй аргууд учраас та туршаад үзээрэй. 

Эх сурвалжууд:

  • Roediger, H. L., & Butler, A. C. (2011). The critical role of retrieval practice in long-term retention. Trends in Cognitive Sciences, 15(1), 20-27.
  • Bjork, R. A. (1994). Memory and metamemory considerations in the training of human beings. Metacognition: Knowing about Knowing, 185-205.
  • Paivio, A. (1991). Dual coding theory: Retrospect and current status. Canadian Journal of Psychology, 45(3), 255–287.

Нийтлэлийг бичсэн: Сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэн