Бусдыг хэрхэн ойлгох вэ?

11/03/2025

Хүн бүрийн амьдрал өөрийн өнгө аяс, түүх, дурсамж, мэдрэмж, дотоод ертөнцтэй. Тиймээс бусдыг ойлгох гэдэг нь зөвхөн тэдний хэлснийг сонсох төдий зүйл биш. Харин тэдний ертөнц рүү алхаж, шүүлтгүйгээр орж үзэх явдал юм.

  Бид заримдаа хүнийг сонсоод асуудлын “шийдэл” хайдаг, хариулт өгөхийг хүсдэг. Гэхдээ хүн бүр тэр даруй шийдвэр эрж, зөвлөгөө хүсдэггүй. Заримдаа зөвхөн “би чамайг ойлгож байна”, “би чамтай хамт байна” гэдгийг мэдрэх нь хангалттай байдаг. Үүнийг уншиж буй танд ч бас ойлгогдох хэрэгцээ байдаг гэдгийг санаарай. Хүн бүрт ийм хэрэгцээ байдаг бөгөөд бусдад ойлгогдохын хэрээр та ч өөрөө ойлгогдож, хамгаалагдсан мэт мэдэрдэг.

Эмпатийн хүч

Сэтгэл судлаач Карл Рожерс эмпатийг “хүнийг шүүн дүгнэхгүйгээр, түүний мэдрэмж, зовнилыг өөрийнхөөр нь ойлгох чадвар” гэж тодорхойлсон. Тэгэхээр энэ нь зөвхөн сонсох бус, мэдэрч ойлгох үйл явц байдаг. Эмпати нь зөвлөгөө өгөхөөс өмнө тухайн хүний байр суурийг гүн ойлгох оролдлого юм. Заримдаа дэргэд нь чимээгүйхэн хамт суух нь өөрөө асар их дэмжлэг болж чаддаг.

Эмпатигийн ач тус

Эмпати биднийг зөвхөн өөрийн үзэл бодлоосоо гадна олон өнцгөөс сэтгэхэд хүргэдэг. Ингэснээр бидний суралцах үйл явц илүү үр дүнтэй болж, ертөнцийг илүү тэнцвэртэйгээр хардаг. Энэ нь өөр бусад хүмүүсийн сонирхол, санаа бодлыг ойлгож, хүндэтгэхэд тусалдаг байна.

Хүүхэд бага насандаа эмпати хөгжих сууриа тавьдаг. Хэрэв хүүхэд гэртээ болон сургууль дээрээ эмпати бүхий харилцааг мэдэрч, үлгэрлэж сурвал тэрээр бусдын мэдрэмжийг ойлгож, өөрийгөө илэрхийлэх үгсийн сангаа баяжуулна. Жишээлбэл, эцэг эх нь хүүхдийнхээ гунигийг үл ойшоохын оронд “Чи гуниглаж байгаа юм байна, яагаад тэгж байгаа тухайгаа яриач” гэж хэлснээр хүүхэд өөрийн сэтгэл хөдлөлийг таньж сурдаг. Тиймээс эмпати бага насанд хөгжихөд эцэг эхийн оролцоо чухал үүрэгтэй. 

Сэтгэл судлалын түүхэнд ч эмпатиг судлах оролдлого эртнээс эхэлсэн. Америкийн сэтгэл судлаач Э.Б. Титчнер 1920-иод онд анх "empathy" хэмээх нэр томьёог ашиглаж, хүүхэд өөр хүүхдийн уйлж байгааг хараад даган уйлах үзэгдлийг тайлбарлахдаа хэрэглэж байжээ. Энэ нь өрөвч сэтгэлээс ялгаатай, илүү гүн ойлголттой холбогддог гэсэн санааг илэрхийлсэн юм. Мөн эмпати нь идэвхтэй, эерэг сэтгэл хөдлөл, бие даасан хөгжил, амьдралын сэтгэл ханамжтай шууд холбоотой (O'Brien et al., 2024).

Өөр өөр байдал дундах эмпати

          Хүйс, нас, соёл, үндэс угсаа, амьдралын туршлага гэх мэт олон ялгаатай байдал эмпатид сорилт учруулдаг. Гэсэн ч энэ ялгааг зөвөөр харж, хүлээж авах нь харилцааг улам бэхжүүлж чаддаг. Зөрчилдөөн гарсан үед шударгаар ярилцаж, нөгөө хүний байр суурийг эерэг талаас тайлбарлах гэж хичээх нь чухал юм. Өөрөөр хэлбэл, тэднийг муу санаатай, муухай зүйл хийсэн  гэж шүүн дүгнэхээс илүү өөр шинэ өнцгөөс, эергээр харах гэж оролдвол шинэ өнцөг, шинэ ойлголт гарч ирж болдог. Бусдын орчноо хэрхэн хардаг, ямар нөхцөлд өсөж бойжсон, юунд итгэдгийг ойлгох нь бидэнд илүү зөв хариу үйлдэл үзүүлэхэд тусална. Учир нь бусдын зан үйл тэдний бодлоос үүдэлтэй бөгөөд тэр нь тухайн хүндээ утга учиртай юм. Гэсэн хэдий ч бага насандаа сэтгэл санааны үл тоомсорлол, хүнд стресс туулсан хүмүүс эмпати илэрхийлэхэд хүндрэлтэй байж болно. Сэтгэл хөдлөлийн хэт ачаалал ч мөн эмпатийг сулруулдаг.Бусдыг ойлгох нь өөрт тань хэрхэн тусалдаг вэ?

      Бусдыг ойлгож сурах нь зөвхөн харилцааг гүнзгийрүүлдэггүй. Энэ нь таны өөрийн дотоод амар амгалан, сэтгэл ханамжийг нэмдэг. Yıldırım ба Arslan (2025)-ы судалгаагаар эмпати нь хүний өөртөө итгэх итгэл, стрессийг даван туулах чадвар, улмаар сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, бусдыг ойлгож сурах нь зөвхөн харилцааг гүнзгийрүүлэхээс гадна таны дотоод амар амгаланг бэхжүүлдэг.

Та эмпатигаа хөгжүүлэх дараах дадлуудыг өөртөө хөгжүүлээрэй.

1.Өөрийн хэмжүүрийг түр хойш тавин сонсох. Бид заримдаа бусдын зовлонг өөрийн нүдээр хэмжиж, “тэр бол жижигхэн асуудал” гэж боддог. Гэтэл таны хувьд өчүүхэн мэт зүйл өөр хүнд маш том утга агуулж болно. Жишээ нь, таны хувьд нэг мянган төгрөг юу ч биш мэт боловч өөр нэгэнд өнөөдрийн цайны мөнгө байж мэднэ. 

2.“Би яах байсан бол?” гэж өөрөөсөө асуух. Өөрийгөө тухайн хүний оронд тавьж төсөөлөх нь түүний зовнилыг илүү ойроос ойлгоход тусална. Мэдээж, та яг ижил мэдрэмж авахгүй байж болох ч, тухайн хүний орчин, нөхцөл, нөөцийг тооцон бодох нь илүү бодит ойлголт өгдөг. 3.Яаран хариулт бэлдэхгүй, хайхгүй байх. Олон хүн сонсохдоо хариу хэлэх, зөвлөгөө өгөхөд бэлдэх зуршилтай байдаг. Харин жинхэнэ ойлголтод хүрэхийн тулд хариулах гэж бус, зүгээр л хамт байх, мэдрэмжийг нь үгүйсгэхгүй байх, тухайн мөчид түүнийг дэмжих сэдэлтэйгээр сонсох нь чухал.

Хүн бүрийн дотоод ертөнц бол толь биш түүх. Толь руу харахад өөрийн дүрээ л харна, харин түүхийг уншихад тэр хүний ертөнцөөр аялах боломжтой болдог. Харин тэр түүхийг уншихад хүндэтгэл, тэвчээр, эмпати гурав хамгийн чухал. Жинхэнэ ойлголцол гэдэг нь “Би чамайг ойлгож байна” гэж хэлэх бус “Би чамтай хамт байна” гэдгийг мэдрүүлэх юм. Энэ мэдрэмж ганцаардлыг багасгаж, итгэлийг бий болгож, харилцааг гүнзгийрүүлдэг. 

Эх сурвалжууд: 

  • O'Brien, E., Konrath, S. H., Grühn, D., & Hagen, A. L. (2024). Empathy across the adult lifespan: Longitudinal and experience-sampling findings. Emotion, 24(3), 615–627. https://doi.org/10.1037/emo0001266
  • Yıldırım, M., & Arslan, G. (2025). Empathy and life satisfaction among adolescent in Türkiye: Examining mediating roles of resilience and self-esteem. BMC Psychology, 13(1), Article 110. https://doi.org/10.1186/s40359-025-02974-9

Нийтлэлийг бичсэн: Сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэн