Стэнфордын зуны
хөтөлбөр

Стэнфордын Их Сургуулийн Коллежийн өмнөх боловсрол буюу зуны хөтөлбөр нь ирээдүйн үүрэг хариуцлагадаа ойртож, ухамсартайгаар шийдвэр гаргах чухал үе дээрээ яваа 14-17 насны өсвөр үеийнхэнд зориулсан өөрчлөлт авчрах хөтөлгөө болж чаддаг. Энэхүү хөтөлбөр нь суралцагчдад “Би хэн бэ?” гэдэг асуултын хариуг олж, хувь хүнийхээ хүсэл ба онцлогт тохирсон замаа сонгоход ойртуулах зорилготой. Хөтөлбөр нь оролцоог эрхэмлэсэн сорилтууд давамгайлахаас гадна соёлын олон талт байдлыг хүндэтгэн үзэж, суралцагчдад шүүмжит сэтгэлгээ, асуудлыг олон талаас нь авч үзэх чадваруудыг хөгжүүлдэг.

Гүрэн академийн хувьд Стэнфордын Их Сургуулийн зуны хөтөлбөрийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Бид 2019 онд Монголоос сонгогдсон 12 сурагчийнхаа хамтаар АНУ-ыг зорьж Стэнфордын их сургуульд олон улсаас нэг дор цугласан өсвөр үеийнхэнтэй зэрэгцэн суралцуулсан туршлагатай. Энэхүү боловсролын төлөөх аялал нь шинэ үеийн монгол хүүхдүүдийг 20 гаруй орны 300 гаруй үе тэнгийнхэнтэй танилцаж, гаднын оронд сурч амьдрах туршлага тэр дундаа Стэнфорд шиг хэмжээний нэр хүндтэй сургуульд дэлхийн шилдэг профессорруудаар хичээл заалгах нь ямар ач холбогдолтойг ойлгож мэдрэх боломжийг олгосон. Суралцагчид зөвхөн хичээлд хамрагдаад зогсохгүй хөл хөдөлгөөнт Сан Франциско хот ба Технологийнхны өлгий Цахиурын хөндийтэй танилцаж, ирээдүйн чиг хандлагуудыг нүдээр үзэж, чихээрээ сонсон, карьерийн шийдвэр гаргалтандаа үнэтэй мэдээллүүд олж авах завшаан тохиодог билээ.