Хүүхдүүд цаашдаа хичээл, ажлын амжилтад хөтлөгддөг, бэлтгэгддэг

06/21/2022

Стэнфордын их сургуульд 30 жил ажиллаж буй Рик Соммер нь математикийн ухааныг судалж, олон төрлийн холбогдох хөтөлбөр боловсруулдаг. “Stanford Pre-Collegiate Studies”-ийн гүйцэтгэх захирлын хувьд Stanford цахим хөтөлбөр хариуцсан институт болон Стэнфордын коллежийн өмнөх боловсролын хөтөлбөрүүдийг удирдаж ирсэн билээ. Тэрбээр мөн боловсролын зөвлөх бөгөөд Монголоос Гүрэн Академийн Удирдах зөвлөлд ажиллаж, сүүлийн хоёр жил өсвөр насныханд зориулсан хөтөлбөрийн хөгжүүлэлтийг удирдаж ирсэн билээ.

Та математикийн боловсролд өндөр ач холбогдол өгдөг, цаашлаад өсвөр үеийнхний сониуч занг хөгжүүлэх, урам зориг өгөх боловсролын хөтөлбөрүүдэд ихээхэн сонирхолтой юм байна. Таныг энэ хүртэл явуулсан сэдэл, зорилго юу байв? Та яагаад эдгээр ажлуудыг хийдэг юм бэ?

Багаасаа л математикийн хичээлд сонирхолтой, авьяастай байсан. Гэсэн ч ерөнхий боловсролын сургуульд багш нарын зааж байгаа арга барил нь миний сонирхлыг татдаггүй, урамгүй байдаг байв. Математикт дурлаж сурч эхэлсэн үе бол UC Berkeley-д ороод, амьдралдаа анх удаа ахисан түвшний хичээлүүд үзэх боломж олдсон нь байлаа. Математикийн сайханд амтшиж, цаашлаад докторын зэргээ хамгаалсан нь урсгалаараа л хөвөрчихсөн үйл явдал. Түүнээс хойш Стэнфордын Их Сургуульд судалгаа болон багшлах ажлаа эхлүүлсэн. 1995 онд Stanford University Mathematics Camp (SUMaC)-ийг эхлүүлж байгаа багт нэгдэх боломж олдсон нь миний амьдралын ирээдүйг тодорхойлсон мөчүүдийн нэг гэж боддог. Зуны хөтөлбөрт ирсэн математикт авьяастай, сониуч хүүхдүүдэд хичээл зааж үзээд, SUMaC нь энэ хүүхдүүдэд өсөж хөгжих боломж гэдгийг гүн ойлгосон. Тухайн үед сэтгэл ихэд хөдөлж байсныг тод санаж байна. Түүнээс цааш коллежийн өмнөх боловсролын салбарт ажиллахаар сэтгэл шулуудсан. Ахлах сургуулийнхантай ажиллах нь миний хувьд үнэлж барамгүй үнэ цэнтэй. Ахлах сургуульд байхад минь олдоогүй боломжийг эдгээр хүүхдүүдэд бүрдүүлж өгөх нь надад маш их сэтгэл ханамж, бахархал төрүүлдэг. Тодруулбал, математикийг гүн судалж, өөрийгөө сорих, суралцахын сайхныг мэдрэх, мөн энэ хичээлд сонирхолтой, чадвартай хүмүүсээр хүрээлүүлэх боломжийг олгож байна.

Таны бодлоор цар тахлын хөл хорио өсвөр үеийнхэн, тэдний ирээдүйд хэрхэн нөлөөлсөн бол? Давуу, сул талууд байгаа болов уу?

Харамсалтай нь COVID-19 улмаас хөл хорионд орсон нь хүүхдүүдийн маань боловсролыг ихээхэн хойш татсан. Хичээлүүд удаан хугацаагаар цахим орсноор маш олон хүүхэд суралцах боломжуудаа алдсан. Нүүр тулж уулзаад, бие биетэйгээ харилцах нь суралцах явцын чухал хэсэг. Амьд харилцаагүйгээр хичээлд идэвхтэй байх, оролцох нь хэцүү. Гэхдээ, хэрвээ зөв хийж чадвал цахим сургалт нь үр дүн сайтай байж болдог. Stanford Online High School-д бол бид эртнээс цахим сургалт явуулж ирсэн. “Хэрхэн цахим орчинд хүүхдүүдийг үр дүнтэй харилцуулах уу, яаж түүнд суурилсан үр дүнтэй сургалт явуулах вэ?” гэдгээ хэдийнээ олоод мэдчихсэн байв. Мөн цахим орчин нь илүү олон хүнд хүртээмжтэй байх бололцоог олгодог учраас зарим сурагчийн хэрэгцээнд илүү нийцэх тохиолдол олон бий.

Эцэст нь гэхэд, хөл хорио нь боловсролын хувьд сайнаас илүү саарыг дагуулсан гэж бодож байна. Тэр тусмаа цахимаар суралцах чанартай орчин нь бүрдээгүй хүүхдүүд илүү хохирлоо. Гэсэн ч боловсролын энэ орон зайд саад гарснаар цаашид илүү инновацлаг шийдлүүдэд хүргэж байна. Алсдаа ер нь сайн үр дүнд хүрэхийг ч үгүйсгэхгүй. Тиймээс би боловсролын салбарын ирээдүйг өөдрөгөөр харж байна.

Та Стэнфордын Их Сургуульд зуны хөтөлбөр боловсруулах ажлуудыг манлайлж ирсэн. Оролцогчдын хувьд иймэрхүү хөтөлбөр нь яг ямар үр ашигтай байдаг юм бол?

Зуны нэмэлт хөтөлбөр нь ижил сонирхол, ойролцоо чадвартай олон хүүхдийг өөр өөр газраас цуглуулж, хамтдаа суралцах боломжийг олгодог. Энэ бол маш чухал боломж. Эдгээр нэмэлт хичээл, хөтөлбөрүүд нь кредит, дүнгүүд гэсэн дарамтыг арилгаж, хүүхдүүдэд сонирхолтой суралцах орчин, хөтөлбөрөөр утга учир хэрэглээтэй чадваруудыг сурах боломжийг олгодог. Жирийн сургуульд ордоггүй хичээлүүдийг үзэж, аливаа төсөлд гар бие оролцоод, бусадтай хамтарч, бүрэн авьяас чадалдаа хүртэл зүтгэж үзэх нь тухайн сэдвийг сурахаас илүү чухал ур чадваруудад суралцуулдаг. Ийм үнэ цэнтэй хөтөлбөрийг үзэж, нүд тайлснаар хүүхдүүд цаашдаа хичээл, ажлын амжилтад хөтлөгддөг, бэлтгэгддэг.

Монгол нүүдэлчин соёлыг зуны хөтөлбөртөө нэмэлтээр оруулж, өсвөр насныханд заах санааг өгсөн хүн нь Та. Яагаад тэгж зөвлөх болов? Таны Удирдах зөвлөлд нь ажилладаг Монголын Гүрэн академийн #GlobalNomad хөтөлбөр нь шинэ үеийнхэнд юу өгч чадна гэж харж байна вэ?

Гүрэн Академи нь Монголд чанартай боловсрол олгох хөтөлбөрүүдийг маш амжилттай хэрэгжүүлж ирсэн . Нүүдэлчин соёл бол гайхам бүтэц, загвартай сурах орчин юм билээ. Би Монголд очиж энэ бүхнийг үзэж судалсны хувьд энэ төслийн чухал хэсэг гэж харж, оролцож, зөвлөж ирлээ. Өрсөлдөх чадваруудыг нэмэгдүүлэх гаднын судлагдаж туршигдсан сайн хөтөлбөрийг соёлын хичээлүүдтэй хослуулах нь хүүхдүүдэд зугаатай байх нь дамжиггүй. Мөн хамгийн чухал нь байнга хэрэглэгдэх урт хугацаандаа нөлөөлөл үлдэцтэй Монголчуудын онцгой ур чадвар нь энэ байх болно.