Мэдлэгээр хөрөнгө оруулж, Дэлхийн түвшний 1000 багш бэлтгэж байна

 

Энэ цаг үе ба ирээдүйд шаардагдах ур чадваруудыг эзэмшиж, Монгол улсын хөгжилд жинтэй үр дүн үзүүлэх шинэ үеийнхнийг бэлдэхэд багшийн эрдэм шууд нөлөөлнө. Тиймээс бид төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын захирал, эрхлэгч, сургалтын менежер тэргүүтэй орон даяарх 1000 багшийг дэлхийн түвшний ур чадвар олгох цахим хөтөлбөрт төлбөргүйгээр сургаж, мэдлэгээр хөрөнгө оруулалт хийж байна.

Гуравдугаар сарын 22-ноос эхэлсэн тус сургалт гурван сар үргэлжлэх бөгөөд эхний өдрүүдийн байдлаар, оролцогчдын ирц 100 хувь байгаа нь багш нарын манлайлал, тэмүүллийг тод харуулж байна. Сургалтаар шилдэг менежер болоход шаардагдах ур чадваруудын талаар мэдлэг ойлголттой болж, дэлхийн чанартай сургалтын контенттай танилцаж туршлага судлана. Мөн энэ хугацаанд бид судалгаа байнга авч, хэрэгцээг нь тодорхойлох замаар багш нарт чиглэсэн сэдвүүдэд илүү чиглэж, сургалтын агуулгаа нийцүүлэн ойртуулах уян хатан бодлогоор хандаж ажиллана. 

Сургалтын нээлтийн эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Дэлхий нийтэд боловсролын чиг хандлагыг өөрчлөх, XXI зуун, аж үйлдвэрийн IV хувьсгалын энэ үед төлөвшил сайтай, зөв монгол хүнийг бэлтгэх ажлыг гардан зохион байгуулахад сургууль, цэцэрлэгийн удирдлагууд та бүхэн чухал үүрэгтэй билээ. Дэлхийн түвшиний менежерийг бэлтгэхээс гадна боловсролын салбарт хийгдэх реформыг гардаж хийх та бүгдийн хувийн, байгууллагын манлайлал, мөн салбарын манлайлал чухал” гэдгийг онцоллоо.

Боловсролын салбарын 100 жилийн ойг угтсан түүхэн цаг үед “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрэгжилтийг дэмжин бид энэхүү сургалтыг Боловсрол, Шинжлэх Ухааны яам болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж байна. Мөн энэ хүрээнд Денкфарм компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч бидэнтэй хамтран ажиллаж багш нарт өөрөө хэрхэн эрүүл хүн байх мөн бусдад эрүүл монгол иргэдийг төлөвшүүлэхэд ямар оролцоотой байж, ямар арга барил шинэ мэдлэгээр хандах ёстой талаарх сургалт зохион байгуулж байна. 

Судлагдан туршигдаж, баталгаажсан үнэ цэнтэй олон улсын хөтөлбөрүүдээр дамжуулан шинэ мэдлэгээр цэнэглэдэг байгууллагын хувьд бид нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарын олон асуудлыг шийдвэрлэхэд туслахыг зорьдог. Харин бид тэдгээр асуудлаас багш нараа чадавхжуулж, дэлхийн түвшинд хүргэхэд мэдлэгээр хөрөнгө оруулах нь тэргүүнд чухал гэж үзсэн билээ. 

 
 

Download Brochure