GenZ+ Шинэ үеийнхэнд гологдож буй Дарга Танд зориулав
10/24/2022Том групп компанид тэнцэж ороод хэдэн сар болж буй н.Марлаа найзтайгаа саяхан өдрийн хоол идэж, сонин хачныг нь хуваалцлаа л даа. Тэрбээр хэдэн сар үргэлжилсэн процесс бүхий олон удаагийн ярилцлагууд давж, орсон. Гаднын чанартай сургалтуудад хүссэн үедээ сурч, фитнесс, иогийнхоо төлбөрөө төлүүлчихдэг, хамгийн чанартай гэгдэх хувийн эмнэлэгт үзүүлэх боломжтой, бонус сайтай гэх мэт олон давуу тал байдгийг нь биширч, шагширлаа найз маань. Гэхдээ…гэж хэлэх хүртэл нь бараг л диваажин шиг төсөөлж байв.
Ажилд ороод удаагүй байхдаа Марлаа өөртэй нь олон удаа ярьж, царай царайгаа харж харилцаж хэдэн сарыг үдсэн Хүний нөөцийн мэргэжилтэнтэй хонгилд таарч л дээ. Гэтэл өнөөх менежер нь түүний нэрийг буруу зөрүү хэлж, таньж буй мэт жүжиглээд бушуухан орхиод явжээ. Тэрбээр мөн хэрэгцээт зүйлсийнхээ талаар хүний нөөцийн албандаа хүсэлт гаргаж, удаа дараа сануулсан ч маш удаан хариу үйлдэл үзүүлж буйг мөн шүүмжлэв. Түүний ярьж буйг товчхон дүгнэвэл, тэрбээр усанд хаягдсан чулуу шиг анзаарагдахгүй байгаадаа сэтгэл дундуур байгаа нь илт.
Шинэ үеийнхний гол онцлог нь энэ. “GenZ үеийнхний хамгийн гол хэрэгцээ нь мэдрэмжээ хуваалцаж, өөрийгөө хувь хүн гэж хүлээн зөвшөөрүүлэх” хэмээн сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэн үүнийг товчхон тайлбарлаж байна. Үүний дараа харин сэтгэлээ нээж, авьяас чадлаа дайчлан ажиллах эсэх шийдэгдэх аж.
Монголын Шарк Танк нэвтрүүлэгт оролцохоор бүртгүүлж, бизнеээ танилцуулж дэмжүүлэх зорилгоор “pitching” хичээлд минь суусан GenZ үеийн залуугаас яагаад бизнес эхлүүлэх болсныг нь асууж ярилцлаа. Тэрбээр өмнө нь ажиллаж байсан хоёр ч байгууллагаа #toxic орчинтой #toxic даргатай байсан учраас орхисон. Энэ нь бизнес эхлүүлэхэд эхний хөшүүрэг болсон ба улмаар өнөөх сонирхолтой шинэ санаа руугаа хөтлөгдсөн гэв. Тэрбээр мөн даргыгаа хуучны сэтгэлгээтэй мөн загнадаг шигээ чадвартай биш гэж шүүмжилсэн. Ажилд орж буй шинэ үеийн залууст өсөлтийн сэтгэлгээг дэмжсэн орчин ба өрсөлдөх чадвар өндөртэй “influencer” удирдлага байгаа эсэх чухал нөлөөтэй.
Өнөө #toxic хэмээн цоллогдож буй удирдлагын байр сууринаас нэг жишээ дурдъя. Сарын өмнө болсон явдал юм. Томоохон групп компанид сургалт өгөх талаар хүний нөөцийн даргатай нь ярилцахаар уулзаж байлаа. Түүний өрөөний хаалгыг тогших ч үгүй нэгэн дарга шийдэмгий бухимдангуй огцом татав. Товчхондоо CU орчхоод ир л гэсэн юм билээ л дээ. Харин өнөө GenZ маань “Би ийм ажил хийх гэж орж ирээгүй. Та битгий намайг хувийн ажилдаа зараад бай” гэж шулуухан хэлсэн аж. Үүнийг сонсоод дарга уурсаж “Миний үед анх ажилд орж буй залуус даргынхаа хэлсэн бүрийг хийж, ажлыг бага гэж гололгүй сэтгэлээрээ зүтгэж хөдөлмөрт суралцдаг байсан” хэмээн сургааль айлдаж, ихэрхсэн “бацаанаар” нь дуудаад хөөгөөд явуулжээ. Үүнийг сонссон Хүний нөөцийн дарга “Арайхийж олж ирсэн хүн хөөгөөд явуулчих юм. Өөрөө хүнээ олоорой….” хэмээн бас бухимдах нь тэр.
Цар тахлын өмнө дунджаар 80 анкет хүлээж авдаг байсан эрэлттэй ажлын байранд ердөө 8 анкет өдгөө ирж, сонголт хийх боломж 10 дахин буураад байгааг Санхүүгийн томоохон байгууллагын Хүний нөөцийн захирал толгой сэгсрэн хуваалцав. Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бол цар тахлын хөл хорионоос хойш ажлын зараар холбогдож ирдэг хүмүүсийн тоо огцом цөөрч, одоо сул орон тоог бөглөхөд л дийлэнх хүний нөөцийн мэргэжилтнүүд бүх цаг хүчээ зарцуулж байгаа аж. Харин хүний нөөцөө чадавхжуулах, шинэ үеийнхэн болоод хуучны мэргэжилтнүүдээ хооронд нь ойлголцуулж багийн уур амьсгал сайжруулах чиглүүлэлтийг аутсорсинг хэлбэрээр шийдэхээс өөр аргагүйд хүрснээ учирласан билээ. Нийтлэлийн эхэнд дурдсан н.Марлаа найз маань хүн олох гэж зүдэрч буй энэ үед ажилд орж таарсан учир хүний нөөцийнхөн нь танихгүй будилсан байх магадлал өндөр. Тодруулбал, хүний нөөцийнхөн ажилд авсан хүнээ анхаарч халамжлах, тогтоох ямар ч ажил руу орох сөхөөгүйгээр хүн олох гэж зүдэрч байна.
“Хэрвээ би танайхыг сонирхож ажилд орохоор бол, өөрөө ярья”
Цаашлаад #startup ЖДҮ эрхлэгч эздэд чадварлаг хүн олж ажиллуулах нь өдрийн од болсон бөгөөд компанийн хувь, ашгийн хуваалт амлах гэх мэт хэмжээнд хүрснийг Гүрэн академийн сургалтад сууж, хэлэлцүүлэгт оролцсон 60 бизнес эрхлэгч ам уралдан хэлсэн билээ. Сургууль төгссөн туршлагагүй атлаа бизнес эхлүүлэх үү, ажилд орох уу гэдэг сонголтыг дэнсэлж буй залуус маань “Хэрвээ би танайхыг сонирхож ажилд орохоор бол, өөрөө ярья” гэж хэлэх бол энүүхэнд болжээ. Хөдөлмөрийн харилцаа гэдэг хоёр талын тохиролцоо учраас яавч буруу, ёс зүйгүй хандлага бол биш.
“Шинэ үеийнхнийг ойлгож ажиллуулахад компаниудын одоогийн “know-how” үйлчлэхгүй болсон бөгөөд удирдлагууд их мэдэгчээс тасралтгүй суралцагч руу шилжсэнээр л шинэ үеийнхнийг удирдах эрхээ олж авна” хэмээн дэлхий даяар 700 CEO-д зөвлөж ажилладаг, #worldclassmanager хөтөлбөрийн зохиогч Вейн Кларк хэлж байна.
“Harvard Business Review”-ийн судалгаанд оролцсон “Millienial” үеийнхний 50 хувь, GenZ залуусын 75 хувь нь сэтгэл санааны асуудал л ажлаа орхих гол шалтгаан болсон гэж хариулжээ. Тус судалгааны дүгнэлтээр сэтгэлзүйн хувьд эрүүл мэнд орших, ажлаа баяртайгаар хийх нөхцөлүүдийг байгууллагын соёл дэмжиж, цөм хэсгээ болгосноор залуус тогтвортой чанартай ажиллах суурь бүрдэнэ гэж үзжээ. Улсын Ерөнхий Прокурорын газрын судалгаагаар нийт амиа хорлогсдын 84 хувь нь эрчүүд байгаа бөгөөд өсвөр үеэс 29 нас хүртэлх залуусын амиа хорлолт 30 шахам хувийг эзэлж, цаашид нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулжээ. Үүнээс нэр хүндтэй компаниудад ажиллаж байсан хүмүүсийн тохиолдлыг авч үзэхэд ажлын нөхөд нь сэтгэлээр унаад яваад байсныг нь мэдэж байсан ч амиа егүүтгэх хэмжээнд хүрнэ гэж төсөөлөөгүй, харин удирдлагууд энэ талаар мэдээгүй байсан нь дийлэнх байна.
Удирдлагуудаа зөрүүдлэх хэрэггүй. Тохиролц
Энэ есдүгээр сараас хойш болсон удирдлагууд болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хаалттай нээлттэй том жижиг олон хурлын шинэ бөгөөд хамгийн шийдэлгүй сэдэв нь Шинэ үеийнхэнтэй хэрхэн ойлголцож, ажиллах вэ гэдэг байсныг Та магадгүй анзаарсан байх. Тэгвэл тэд юу хүсдэгийг ойлгож, юуг өгөх боломжтой бас боломжгүйгээ тодорхойлж, шинэ дүрэм танилцуулах цаг ирээд байна.
The Economist сэтгүүлд бичсэнээр бол дэлхий даяар IT болон инженерийн чиглэлээр сурч буй залуусын тоо сүүлийн 10 жилд бараг 50 хувиар өссөн нь санхүүгийн салбарын хямралаас үүдэлтэй боловч нөгөө талаас хүссэн газраасаа ажиллах уян хатан байх нөхцөлийг бүрдүүлж, залгаад хөл хорио цаг мөрдөхгүй хаанаас ч ажиллах боломжийг энгийн норм болоход хүргэжээ. Энэхүү үзэгдлээс үүдэн цаашдаа хүний нөөцийн хомсдолд орох салбар нь цагаар очиж ажиллах ёстой үйлдвэрлэл, барилга, санхүү, үйлчилгээний салбарууд болохоор байна.
Баяртай мэдээгээс дүгнэлтээ эхэлье. Шинэ үеийнхэн илүү боловсрол өндөртэй, мэдээлэл олж авах хурд сайтай, хөгжих сорилт хүлээж авахдаа илүү эерэг, өөрчлөлтийг даван туулж хөрвөх чадвар сайн байх болно. Удирдлагуудын хувьд муу мэдээ нь тэд нийтлэгээрээ сэтгэлзүйн хувьд мэдрэг, няцамтгай, мэдрэмж ба саналаа чөлөөтэй илэрхийлж, түүндээ хариу аваагүй бол дахин шаардаж чадах нүүрэмгий байх болно. Мөн ирээдүйн потенциалаа барьцаалж өндөр цалин асууж мөн ажлын тогтмол цагт баригдахыг хүсэхгүй байгаагаа Танд шулуухан анхнаасаа хэлэх болно. Сэтгэлээ бэлдэнэ үү.
Даргаас тэд үүнийг хүсэж байна
Нэгт, Тэд тухтай “дулаан” уур амьсгалтай, чадварлаг бүтээлч даргатай орчныг хүснэ. Тиймээс тасралтгүй суралц, битгий хоцор. Хоёрт, GenZ+ чүүд өөрийг нь ойлгодог, түүнд нь зохих хариу барьж хүлээн зөвшөөрдөг менежерт л өөрийгөө нээж харуулна. Тиймээс сэтгэлзүйн эрүүл мэндийг дарга Та өөрөөсөө салгаж ойлголгүй, өөрөө ч ойлгодог болж, хүмүүсээ анзаардаг бай. Гуравт, ажил даалгахдаа тушааж зандрах бус утга учиртай сонголтууд өгөх замаар итгэл үзүүлж, эрх мэдэл олго. Энэ бол шинэ арга биш. Хамгийн нөлөө бүхий удирдагчдын бүх цаг үед ажил даалгахдаа хэрэглэж, шүтэгдэж ирсэн шалгарсан арга барил юм. Дөрөвт, байгууллагын зорилго стратегитай хийж буй ажил нь хэрхэн нийцэж, үнэ цэн бий болгож буйг ойлгуул. Тэд зүгээр нэг суудал бөглөгчийн байр сууринаас ажлыг хардаггүй бөгөөд том зургаар ямар үр дүн утга учир бий болгож байгаад гүн ач холбогдол өгдөг. Ажилтан байгууллагыг бус даргыг л орхидог. Харин одоо орохоосоо ч өмнө олон сувгаар шинэ үеийнхэн байгууллага ба даргаа тандаж мэдчихээд хаалга татах эсэхээ шийдэж байна.
Сургалт чиглүүлэлтийн хувьд удирдлагууд Та бүхэн GenZ+ үеийнхэнд бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, сөрөг мэдрэмжүүдээ удирдах мөн сэтгэл хөдлөлөө эерүүлэх гэх мэтэд суралцах EQ ур чадварын хичээл нэн шаардлагатай. Ажил амьдрал тэнцэнэ гэж байдаггүй. Тиймээс өөрт тохирсон зохицуулалтын хувилбараа тодорхойлж, стрессийг зөвөөр ашиглаж бас зохицуулж сурахын тулд эрүүл мэнд орших #wellbeing хичээл шаардлагатай. Энэ бүхний дараа байгууллага дотроо #coaching арга барилыг нэвтрүүлж, аливаа ажил даалгахдаа бүтээлч сэтгэлгээг нь сорих замаар хөгжүүлж, ачаалал тэсвэрлэх тэрхүү #resilience няцашгүй чанарыг нэмэгдүүлэх боломжтой.
Товчхондоо одоогийн 30+ насныханд албан тушаал, ах захын хүндлэл мэдрэх хэрэгцээ өндөр байдаг. Харин GenZ+ үеийнхэнд өөрийнхөө мэдрэмжийг хуваалцаж, оршин байгаагаа бататгаж тамгалах хэрэгцээ өндөр. Бид ойлгохын тулд биш хариулахын тулд сонсож буй үед аль ч үеэс гаралтай бай хамаагүй, бид бие биенээ ойлгохгүйгээр хачин сонин үеийнхэн гэж цоллон ангилагдаж, хоорондоо учраа олж чадахгүй хэвээр байх болно.