Голч дүнгээс илүү бүтээлч сэтгэлгээ ажил олгогчдод хэрэгтэй байдаг

05/31/2022

ЛОНДОНГООС: Этон коллежийн боловсролыг олон улсад хүртээмжтэй болгоход чиглэж байгуулсан EtonX цахим платформыг хариуцсан гүйцэтгэх захирал Катерин Уайтэкер боловсролын салбарын хандлага, цаашид залууст хэрэг болох ур чадварууд нөлөөлөл ямар байх талаар ярилаа.

Этоны шинэ хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүдэд богино ба урт хугацаанд ямар эерэг өөрчлөлт нөлөөлөл бий болох юм бэ?

Хөтөлбөрт юу багтаах вэ гэдгийг хоёр талаас нь судалж хардаг. Нэгт, Этоны хөвгүүд коллежид суралцах үедээ заалгаж, практикаар эзэмшдэг ур чадваруудыг оруулах ёстой гэж хардаг. Этоныхон яагаад ийм өндөр амжилт үзүүлдэг вэ гэдэг асуултад хариулж, хуваалцаж байна гэсэн үг. Жишээ нь, тэд өөрсдийн сонирхол, авьяас ур чадвар, аливаа шинэ саналынхаа талаар ярихдаа өөртөө бүрэн итгэлтэйгээр бусдад сайн илтгэж хүргэж чаддаг.

Хоёрт, оюутан залууст дутагдаж буй ур чадваруудыг ихэнх ажил олгогч, их сургуулиудын судалгаа үнэлгээг харгалзаж авч үздэг. Ажил олгогчид техникийн ур чадваруудыг сайн олгож чаддаг ба хаанаас сурч олж авах нь ч тодорхой байдаг. Ажилтан ба ажил олгогчдын бүдэрдэг хэсэг нь ажлын орчинд амжилт гаргахад хэрэгтэй зөөлөн ур чадварууд л байдаг. Багаар ажиллах, нөлөөлөлтэй харилцагч байх, өөрчлөлт тохиоход өөрийгөө ба бусдыг удирдаж, няцалгүйгээр хурдан сэргэлт авч даван туулдаг сэтгэлийн тэнхээтэй байх гэх мэтийг хэлээд байгаа юм. Цар тахал үүний тод жишээ нь. ТАНЫ АМЬДРАЛ ГЭНЭТ ӨМНӨХӨӨСӨӨ ӨӨР БОЛОХОД ТАНД ЗОХИЦОЖ, ШИЙДВЭРЛЭН АМЬДАРЧ АЖИЛЛАХ УР ЧАДВАРУУД БАЙГАА ЮУ? Бүх зүйлс эргэж хэвэндээ ороосой гэж бид бүгд хэчнээн найдавч, эцсийн дүндээ компаниуд аливаа сорилтод амархан няцдаггүй, хурдтай асуудлаас гарч,шийдвэрлэж чаддаг хүмүүсийг л үнэлдэг. Учир нь, байгууллагууд шинэ бүтээгдэхүүн гаргах, бүтцийн бүрэн өөрчлөлт хийх, шинэ зах зээлд нэвтрэх гэх мэт олон шинэ нөхцөл, өөрчлөлтийг хийдэг. Тиймээс л дасан зохицох чадвар өндөртэй хүмүүсийг ажиллуулахыг хүсээд байгаа юм.

Бид мөн хөтөлбөрөө боловсруулахдаа БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ чухалчилдаг. Техник мэдлэгтэй байх нь зайлшгүй чухал. Харилцааны мундаг ур чадвартай байх ч гайхам хэрэгтэй зүйл. Гэхдээ асуудлыг шийдвэрлэж чадах уу? Шинэ санаа, санаачилга гаргаж чадах уу? Гэтэл залуусын голч дүн өндөр ч, бүтээлчээр сэтгэх ур чадвар цаашид агаар ус шиг болсныг байнга сануулж, мэргэжил олгогчдыг шахсаар байна.

Этон ба Гүрэнгийн хамтарсан хөтөлбөрөөр Монгол хүүхдүүд суралцаж буй 8 ур чадвар цаашид яагаад чухал хэрэгцээтэй юм бэ?

Боловсролын салбарынхны хувьд чансаа өндөртэй коллеж, их сургуульд амжилттай тэнцэж ороход хэт их төвлөрч, сурагчдыг чиглүүлдэг. Мэдээж, мөрөөдлийн сургуульдаа ороход нь хүүхдүүддээ тусалж чиглүүлэх нь гол үүрэг мөн. Гэхдээ орсны дараа юу болдог вэ гэдэг үйл явцыг бага анхаардаг талтай. Орсныхоо дараа хөгжиж амжилт гаргаж чадах уу? Хичээлдээ шамддаг, сайн үнэлгээ авдаг оюутан байх чухал. Нөгөө талаас, ялангуяа олон улсын оюутан бол, тухайн улс, сургуулийн орчин, соёлд нэвтрэхийн зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуус дунд ордог. Энэ л үед өөртөө итгэлтэй байх, өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгож харилцах гэх мэт ур чадварууд чухал болж, амжилт гаргах үгүйд хүчтэй нөлөөлж эхэлдэг. EtonX -ийг байгуулах үед олон улсын хүүхдүүд тэр дундаа Хятадын залуустай тулж ажиллаж байв. Тэдний нэлээд олон нь Их Британид сургуулиудад маш амжилттай тэнцэж ирсэн ч, элссэний дараа хүлээлтэд хүрэхүйц хөгжиж, амжилт гаргаж, нөлөөлж чадахгүй байгааг анзаарсан. Тэгэхээр олон улсын туршлага, мэдлэг хуримтлуулахад тусалдаг голлох чадварууд байна уу? Анги танхим, оюутны байрнаасаа гарч, олон төрлийн арга хэмжээ, холбоо нийгэмлэгүүдэд оролцдог уу? Нутаг нэгтнээсээ өөр залуустай нөхөрлөж, харилцаа тогтоож чадаж байна уу гэх мэт асуултад ихэнхдээ ҮГҮЙ гэсэн хариулт авч буй нь харамсмаар хэрэг байдаг. Тэгэхээр сургуульд орсны дараа хөлөө олж, дасан зохицох, амжилтаа үргэлжлүүлэхэд нь бид анхаарах хэрэгтэй. Энэ ч үүднээс дээрх ур чадваруудын хичээл бий болсон юм.

Та Монголын зах зээлийг хэрхэн хардаг бэ? Гүрэн Академитай хамтрах санал яригдаж эхлэхэд ямар сэтгэгдэл, мэдрэмж Танд байв?

Нөхцөл байдал хурдацтайгаар үлэмж өөрчлөгдөж байна. Энэ дунд бид хоёр дүгнэлтэд хүрлээ. Хэрэгтэй бол, алсын зайнаас сурах бүрэн боломжтой бөгөөд дижитал хэлбэрээр сурах нь сонирхолтой байж болдог юм байна. Биетээр “нүүр тулсан” уулзалт, арга хэмжээг бид үнэхээр үгүйлдэг хэрэгцээ маань юм байна. Цар тахлын үед “GLOBAL NOMADs” шиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж олдоогүй. Би 13 насны хүүтэй ээж. Түүний үеийнхэн сурлага, карьерынхаа хувьд зорилгоо тодорхойлоод, чармайлтаа эрс нэмэгдүүлж байх ёстой үеэ алдсан. Тиймээс бүх юм хэвийн болно гэж хүлээлгүй, өсвөр үеийн Та бүхэн одоогоос олдсон боломж бүрийг ашиглаж, алдагдсан бүхнээ нөхөхөд тууштай хичээ гэж би зөвлөнө. Энэ жилээс эхлээд зун бүр үр ашигтай өнгөрөх ёстой. Цэцэрлэг сургуулийн насныхан хоёр жилийг сул өнгөрөөж, алдсанаа мартаж болохгүй юм. Үүнийг сайн ойлгож байгаа зарим нь алдагдсан боломжоо нөхөх гэж чармайж байна.

Мэргэжлийн ур чадваруудаас гаднах зөөлөн ур чадваруудын хөтөлбөрийг боловсруулж, сургах хэрэгтэйг дэлхий нийтээрээ сүүлийн хоёр жил харж, гүн ухаарч байна. Тиймээс бид цаашид бүтээлч байдал, харилцаа, нөлөөлөх, өөрийгөө удирдах гэх мэт ур чадварын хичээлийг сургуулиудын ерөнхий хөтөлбөрт албан ёсоор оруулахад оролцоотой ажиллана. Цаг мөнгө их зарцуулалгүй мэдлэг хуримтлуулах боломжийг интернэт олгож байна. Эрдэм мэдлэг үргэлж тэр орон зайд оршсоор ирсэн, цаашид ч урсгал нь нэмэгдэж буй. Гэхдээ үүнийг таньж мэдэж сурна гэдэг нь өөрөө ур чадвар болчихлоо. Энэ талбарт зургаан жил ажиллах хугацаандаа, боловсролын нөлөө амжилт гэдэг мэргэжлийн ур чадвараас илүүг шаарддаг юм байна гэдгийг хүмүүс ойлгодог болж буйг харж байна. Товчхондоо, ахлах сургууль, их сургуулиа төгссөний дараа амжилт гаргахад хэрэгцээт ур чадварыг залуустаа эзэмшүүлэх шаардлагатай.

“Pitching” буюу ятган үнэмшүүлэх гэдэг хичээл энэ удаагийн шинэ хөтөлбөрт жинтэй байр суурь эзэлж байна. Яагаад тэр вэ?

Өөрийгөө товч тодорхой илэрхийлж, санаагаа дэмжүүлж бусдаас итгэл хүртэнэ гэдэг бизнес ба төслийн сайн санаа олсон хүн л хийдэг зүйл биш. Энэхүү ур чадварыг бид байнга л ашиглах шаардлага гардаг. Ажлын ярилцлага, элсэлтийн ярилцлага, тушаал дэвших процесс гэх мэт олон талбарт бид өөрсдөө ч мэдэлгүй ашиглаж, бусдад өөрсдийгөө ойлгуулах итгүүлэх хэрэгтэй болдог. Эрээ цээргүй, түрэмгий байхтай бүү андуураарай. Бусдад нөлөөлөхөд шаардагддаг зарим арга барилыг мэдэж ашиглах нь бидний хэлэх гэсэн санааг дэмжиж, өөртөө итгэлтэй цэгцтэйгээр харилцахад л тусалдаг. Энэ бол бүрэн сурч болдог ур чадвар. Зарим хүн “би төрөлхийн ичимхий, дотогшоо хүн, ганцаараа л ажиллах дуртай” гэдэг. Ажлын талбарт хэрэгцээ нь илүү их гарч шаардагддаг ур чадвар учраас хүмүүс дээрх зүйлсийг өөртөө бас өрөөлд хэлж явсаар цаг нэлээд алддаг. Хувийн манлайлал, өөртөө итгэлтэй байдал нь дарга, удирдагч байхаас үл хамааран амьдралын бүх л талбарт хэрэг болдог ур чадвар юм.

Зүгээр л нэг энгийн багийн уулзалтын үеэр саналаа зориглоод, цэгцтэй хэлэх, эсвэл төсөл удирдах тухай л юм. Мундаг удирдагч болох, компанийн босс болох тухай заах гээгүй юм. Эхлээд өөрийгөө удирдаж сурах цаашлаад боломж гараад ирэхэд, түүнийг атгаж аваад, зориглож хийдэг, бусдад ойлгуулж чаддаг байхыг л аль болох эрт зааж, хэрэглээнд оруулах тухай юм. Үүнд л бид эрт хөтөлж, амжилт гаргах магадлалыг нэмэгдүүлэхийг зорьж байна.