Сурагчид сэтгэлийн шарх авах үед багш нар ч мөн адил авдаг.

06/23/2025

Сурагчдын сэтгэлийн шарх нь тэдний сэтгэл зүй, бие махбодид нь нөлөөлдөг ба энэ нь багш нарт ч мөн адил хүндээр тусдаг. Шинжээчид даван туулах шилдэг аргуудыг танилцуулж байна.

Алисиа Фергюсон Гарсиа хоёр жилийн өмнө нэгэн сурагч хичээлийн дундуур аашлан уурлахад загинасан боловч тухайн сурагч хичээлийн төгсгөлд ээжийнх нь найз залуу хүчирхийлдэг тухайгаа илчилжээ. Энэ явдлын дараа ангийнхан хамт уйлж, охинд сэтгэл санааны дэм үзүүлсэн байна. Багш болсноосоо хойш Гарсиа хүүхдийн хүчирхийлэл, өлсгөлөн, амиа хорлох оролдлогын тухай түүхүүдийг сонсож, шөнөжин унтаж чадахгүй, хар дарж зүүдэлдэг болжээ. Сурагчдын зовлон өөрийнх нь өнгөрсөн шархыг ч хөндөж байсан байна. Тэрээр багшлах нь зөвхөн хичээл заах бус сэтгэлзүйн хүнд ачаалал дагуулдаг гэдгийг ойлгосон гэж хэлжээ.

АНУ-ын хүүхдүүдийн талаас илүү хувь нь хүчирхийлэл, үл тоогдох, гэр бүлийн хүнд нөхцөл байдлыг туулж, 35 хувь нь нэгээс олон гэмтэлтэй өссөн байдаг. Ийм сөрөг хүүхэд насны туршлага (ACEs) нь насанд хүрсэн хойно архидалт, элэгний өвчин, амиа хорлолт зэрэг эрүүл мэндийн асуудалд хүргэх эрсдэлтэй. Эдгээр гэмтэл нь хүүхдийн харилцаа, зан байдалд нөлөөлж, сургуулийн орчинд илэрдэг. Багш нар ийм хүүхдүүдтэй өдөр бүр харьцдаг учраас хоёрдогч гэмтэлд өртдөг. Энэ нь бусдын зовлонг сонссоноор сэтгэлзүйн хувьд хүнд байдалд орохыг хэлнэ. Trauma Smart байгууллагын ЛиАнн Кекийн хэлснээр, өнөөдөр багш нар зөвхөн хичээл заах бус, сурагчдын амьдрал, гэр бүлийн нөхцөл байдалтай ойр ажилладаг учир нийгмийн ажилтантай дүйцэхүйц ачаалал үүрч байна гэжээ.

Хоёрдогч гэмтэл нь багш нарын тархинд сурагчдынхтай адил нөлөө үзүүлдэг. Айдас төрж, кортизол, адреналин ихээр ялгарснаар сэтгэлзүйн болон бие махбодын шинж тэмдгүүд (жишээ нь уур хүрэх, толгойн өвдөх) илэрч, ажлын байранд хоцрох, уулзалтаа мартах, сурагчдаас зайлсхийх зэрэг шинж тэмд  гүүд илэрч болдог. Гэвч ихэнх багш нарт сэтгэлийн шархтай сурагчдыг хэрхэн дэмжих, өөрсдийн сэтгэлзүйн байдлыг хэрхэн зохицуулахыг заадаггүй. Иймээс мэргэжилтнүүдээс хоёрдогч гэмтлийг даван туулах шууд болон урьдчилан сэргийлэх аргуудын талаар зөвлөмж боловсруулсан ба тэдгээрийг хуваалцаж байна.

Ярилцаж, сэтгэлээ хуваалцах

Гарсиа багш хэлснээр сэтгэл зүйч, найзууд, бусадтай ярилцах нь тэдний сэтгэлийн шаналал болон өөрийн мэдрэмжийг илэрхийлэхэд тусалдаг гэжээ. Чикагогийн профессор Мисер Кеелс багш нарын мэргэжлийн ганцаардлыг бууруулахад асуудлаа хуваалцах нь маш чухал гэж онцлов. Вермонтын Centerpoint сургуулийн Алекс Шеврин багш нар харилцан дэмждэг хамтрагчаа олох, эсвэл сэтгэл зүйн бүлэгт нэгдэхийг зөвлөж, сургуулийнхаа дотоод цагийн хуваарьт дасгал, амралт, сэтгэл зүйн дэмжлэгийн цагийг багтаадгаа онцлов. Тэрбээр “Багш нар сэтгэлээ нээлттэй ярилцах цаг гаргах нь чухал, учир нь багш нарыг сэтгэл хөдлөлгүй робот мэт үзэх нь буруу” гэж хэлсэн.

Тэвчээртэй байх арга барилд суралцах

Гарсиа багш уурлаж бухимдахгүй, амьсгаа авч тайвшрах аргыг ашигладаг. ЛиАнн Кек багш нарт стрессээс урьдчилан сэргийлэхийн тулд тоолох, төсөөлөх зэрэг аргуудыг зөвлөж байна. Өдөр тутмын стрессийн үеүүдэд тохирсон аргуудад суралцах нь чухал. Гарсиа гэртээ кино үзэх, тоглоом тоглох зэрэг өөртөө цаг гаргадаг. Мэргэжилтнүүд багш нар өөрийгөө халамжлах дадал зуршлыг тогтмол хөгжүүлж, сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалах хэрэгтэй гэж зөвлөж байна.

Гэртээ харих дадалд суралцах

Багш нар ажил ба хувийн амьдралаа ялгаж салган, тусгаарлаж сурах нь чухал. Ажлын асуудлаа ажил дээр нь үлдээх нь амаргүй байж болох ч хоёрдогч сэтгэл зүйн гэмтлийг даван туулахын тулд багш нар ажил, хувийн амьдралынхаа хооронд тодорхой зааг хязгаар тогтоох шаардлагатай. Үүний нэг хэсэг нь ажлын өдөр дууссаныг илтгэх үйлдэл хийх эсвэл дадал зуршлыг бий болгох явдал байж болно. Энэ нь гэр лүүгээ явахаас өмнө, замдаа, эсвэл гэртээ очсоныхоо дараа хийх зүйл ч байж болно. Гарсиа багш гэртээ ирэхдээ охиндоо анхаарлаа төвлөрүүлж, ажлын стрессийг орхиод гэр бүлийнхэндээ анхаарч цагийг өнгөрүүлэхийг хичээдэг гэжээ.

Эх сурвалж: https://www.edutopia.org/article/when-students-are-traumatized-teachers-are-too