Зайнаас ажиллахад бус менежментийн ур чавдарт асуудал байна

12/27/2023

Вейн Кларк нь менежментийн зөвлөх үйлчилгээ, компанийн сургалтаар мэргэшсэн “Global Growth Institute”-ийн үүсгэн байгуулагч. Түүнийг HR MAGAZINE 5 удаа дэлхий даяарх хүний нөөцийн салбарт хамгийн өндөр нөлөө гаргасан их сэтгэгчдийн нэг гэж тодорхойлсон билээ. Учир нь тус компанийн World Class Manager TM хөтөлбөр 50 гаруй оронд түгж, олон зуун байгууллагын ажилтнуудын оролцоо-гүйцэтгэл сайжрахад нөлөөлсөн.

Вейний хувьд өдийг хүртэлх 20 жилд дэлхийн даяар 700 гаруй CEO, удирдлагын багт зөвлөн ажиллаж ирж, Лондонгийн Их сургуульд зочин багшаар, “BBC breakfast” өглөөний мэдээнд экспертээр байнга оролцож, олон нийтэд мэдлэгээ хуваалцдаг. Түүнчлэн Английн Олон улсын худалдааны танхимд Экспортын зөвлөх мөн давхар хийж, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

“World Class Manager” хөтөлбөрийг Монголд амжилттай нутагшуулан 17.000 мэргэжилтнийг сургасан Гүрэн Академийн баг Global Growth Institute-ийн Лондон дахь төв оффист очиж, менежментийн акулуудтай уулзалт хийжээ. Энэ үеэр Вейн Кларктай ярилцлага хийснийг Танд хүргэж байна.

-Менежментийн сургалт, ном олон байдаг болсон энэ үед яагаад менежментийн хөтөлбөр Та бүхэн боловсруулах хэрэгтэй юм бэ ?

Энэ хүртэл ирж, уулзаж буйд талархаж байна. Монголд очиж, хамтран ажиллах гэрээ зурснаас хойш 4 жил болжээ.

Би эдийн засагч мэргэжилтэй. Ажлын гараагаа аудитын Deloitte компаниас эхлүүлж, түүнээс хойш мэргэжлийн зөвлөх үйлчилгээний компаниудад 10 гаруй жил ажилласан. Дараа нь “The Sunday Times; 100 best companies” жагсаалтыг гаргаж, тэдгээр шилдэг компаниудад менежментийн зөвлөгөө үзүүлдэг компанийн удирдлагын багт ажиллаж байлаа. Энэ үед миний өдөр тутмын ажил бол CEO нарт ажилтнууд нь ямар санал сэтгэгдэлтэйгээр ажиллаж буй талаар санал шүүмж өгөх байсан. Уулзсан бүх л “том” дарга, удирдагчид менежментээ сайжруулмаар байна гэдэг ганц л хэрэгцээг онцолдог. Харин дундын менежерүүд ажлынхаа давшгүй ихийг мөн дарамттай олон үүрэгтэйг хуваалцдаг. Бүтээгдэхүүн өгч, үйлчилгээ үзүүлж буй галын шугамныхан болохоор өдөр тутмын ажил үүрэгтээ сэтгэл ханамжгүй байдаг. Энэ хэсгийнхний хувьд дийлэнхдээ дундын менежерүүдтэйгээ хэр харилцаа холбоо тогтоосноос нь ажилдаа дуртай байх эсэх нь шийдэгддэг.

Байгууллагуудын үйл ажиллагаа сайжрахад амин гол үүргийг менежерүүд л гүйцэтгэдэг ба тэд нарт төвлөрч ажиллах ёстойг бид гүн ойлгосон. Тиймээс “Global Growth Institute”-ийг үүсгэн байгуулаад, одоо 10 жил болж байна. Энэ хугацаанд дэлхий даяар 50 гаруй оронд аялж, захирлууд менежерүүд, ажилтнуудтай уулзаж судалж, тэдний сайн туршлагуудыг нийтлэг алдаануудтай нь цуглуулж судалсан. Шинэ Зеландаас Бразил хүртэлх өргөн уудам нутагтай, олон хүн амтай орнуудад судалгаа хийсэн. Сүүлийн 4 жилийн судалгаанд Монголд суралцагсдын сэтгэгдэл, хэрэгцээ бас туссан байгаа. Дэлхийн дээрх хамгийн шилдэг менежерүүд бидэнтэй арга барилаа хуваалцдаг нь World Class Manager хөтөлбөр төрөх үндсэн өгөгдөл болсон. Нэмээд олон түвшинд явуулдаг судалгаанууд мөн нөлөөлдөг. Бид саяхан ирээдүйн өөрчлөлтүүдийг угтан менежерүүдийг бэлдэх зорилгоор World Class Manager-2 шинэ хөтөлбөр зах зээлд нэвтрүүлсэн.

-Олон орны суралцагсадтай харьцуулахад монголчуудын суралцсан байдал, үр дүн гаргасан байдал хэр байна вэ?

Анх Монгол орноос санал аваад гайхсныг нуух юун. Хүн амынхаа тоотой харьцуулаад бодсон ч олон салбарын хүнийг богино хугацаанд сургаж, олон харилцагчидтай болж, бүх л хамтралуудаа үр дүнтэй үргэлжлүүлж байгааг харахад World Class Mongolia болгож нутагшуулсан чаджээ. Ийм өргөн цараатай үр нөлөөг огт хүлээгүй байлаа. Дээр нь өдийг хүртэлх хугацаанд монголчуудын потенциаль, бусад улсад үлгэрлэн харуулж болох олон үйлчилгээ, санаа, бүтээгдэхүүн байгааг олж харсан. Тэгэхээр цаашид Монголчуудын юу чаддагийг дэлхий нийтэд харуулахад туслах хөтөлбөр байх болно гэж харж байгаа.

Монгол улс алслагдмал, далайд гарцгүй орон учраас, дотогшоогоо чиглэсэн хандлагатай байх нь нэлээд олон тохиолдолд ажиглагдсан. Тэгэхээр өөрсдийнхөө юу, юун дээр илүү сайныг бас төдийлэн сайн анзаарч, харьцуулж давуу талаа болгохдоо сул ажиллах байх шиг. Жишээ нь, Монгол улсыг оруулалгүйгээр тооцож үзэхэд, хөтөлбөрт дэлхий даяар суралцагсдын 20-25 хувь нь бүрэн үзэж, сертификатын болзол хангадаг. Дийлэнх хүмүүс энд тэндээс нь үсэрч үзэж судлах дуртай байдаг. Харин Монгол дангаараа 80-85 хувь гүйцэтгэлтэй байдаг. Гүйцэт үзэж буй монголчуудын тестийн хариу ч сайн байдаг, практикал хэрэгжилт нь сэтгэгдэл, судалгаагаар үр дүнг бидэнд харуулдаг.

12 цуврал хичээлийг зүгээр санаандгүй дарааллаар тавьчихдаггүй. Яг жорын дагуу хоолоо хийвэл амттай болдог болохоос өндөг орох байсныг мартчихсан байвал ямар болох нь тодорхой. Түүн шиг энэ хөтөлбөрт агуулгын дараалал, хэрэгжилтийн тооцоог ажилтай нь уяад олон жил нарийн судлаад тооцчихсон байдаг.

Танай зах зээлд нэвтрүүлсэн шинэ хөтөлбөрийг харахад EQ-г манлайлалд ашиглах, Няцашгүй чанараа сайжруулах, Зөрчлийг удирдах, Өөрчлөлтийг давах туулах, Көүчинг, Ажил даалгах, Ажлын орчинд нөлөөлөгч байх нь гэх мэт шинэлэг сэдвүүд нэлээд байна. Яагаад ийм ур чадварууд илүү хэрэгтэй байна вэ?

Бид хөтөлбөрт маань суралцаж байсан олон мянган менежерүүдээсээ “Одоогийн нөхцөл, өөрчлөлтүүдийг тооцоод харахад ямар дадал зуршил, ур чадварууд хамгийн чухал хэрэгтэй вэ?” гэдэг асуултад хариу авч уулзсан. Гарамгай шилдэг менежерүүдийг бид нэмэлт санаа оноо өгч, өөрсдийн сайн туршлагаа хуваалцаж, дараагийн шинэ залуу менежерүүдэд тус болоход хөхиүлэн дэмждэг. Түүнчлэн, цар тахлын үед менежерүүд илүү идэвхтэйгээр судалгаанд оролцож, цаашид шинэ хөтөлбөрт заавал багтаах шаардлагатай зүйлсийг нэлээд нухацтай сайн оруулж ирсэн. Зөвхөн манай байгууллагад ажилладаг хэдхэн мэргэжилтнүүдийн санаа бодлоор агуулгыг бүрдүүлж болохгүй. Менежерүүд өөрсдийн амжилт сорилтод тулгуурлан саналуудаа тусгаж байх нь илүү бодит болоход тусалдаг.

Цар тахлын хүнд үед “ Танд яг одоо юу хэрэгтэй байна вэ?” гэдэг ганц асуулттай судалгааг манай байгууллагын Агуулга хөгжүүлэлтийн дарга Марк Вег амжилттай хийж, шинэ хөтөлбөр боловсруулалтад хүчтэй ахиц гаргасан. Цаашид үргэлжлэн гарч ирэх шинэ олон өөрчлөлтүүдийг угтаж, менежерүүд ямар ур чадварууд эзэмших ёстойг бид судлан гаргаж ирж, шинэ хөтөлбөрөө боловсруулсан.

Зорилгоо тодорхойлох, Цагийн менежмент, Харилцааны ур чадвар гэх мэт зөөлөн ур чадваруудын сургалт маш олон байдаг. Гэтэл улиг болсон ойлгомжтой ч юм шиг сэдвүүдээр энэ цаг үед яагаад суралцаад сууж байх хэрэгтэй юм бэ?

Онлайн платформгүй байхдаа бид хөтөлбөрөө шууд LIVE вэбинараар байгууллагуудад заадаг байлаа. Жишээ нь дунд шатны 60 менежер суралцана гэдэг мэдээлэл бидэнд ирсэн байтал, яг хичээл орох үед 80 хүн ороод ирдэг байв. Тэгээд яагаад илүү олон хүн орж ирээд байна вэ гээд харахаар дийлэнхдээ дээд шатны удирдлагууд нь байж таардаг. Тэдний хувьд дунд шатны менежерүүдийнхээ суралцаж буй үндсэн ур чадварууд болох хурал удирдах, цагийн менежмент, ажил даалгах, харилцааны ур чадвар гэх зэргийг адилхан л суралцах шаардлагатай бас хүсэлтэй байдаг. Зарим нь наана хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй ч, бүрэн эзэмшиж, үр дүнтэй ашиглаж чаддаггүй олон захирал бий.

Тэгэхээр бид үндсэн ур чадваруудыг багтаасан World Class Manager-1 /WCM-1/ хөтөлбөр хуучрахгүй бөгөөд цаашид хэрэгцээ нь нэмэгдэн оршсоор байх болно гэдгийг судалгаа, туршлагуудаасаа харж байгаа. Байшин барихад тогтоон барьдаг даацын ханууд шиг бат бөх оршсоор байх болно. WCM-1 үндсэн даацын ханууд бол, WCM-2 нь дараагийн түвшинд гаргах чанартай тоноглолууд нь юм.

Грект болсон “Delphi Economic Forum”-ын үеэр удирдлагын түвшнийхний сайн ажиглаж, ажлаа төлөвлөх ёстой чиг хандлагуудын талаар онцлон ярьсан. Үүнийгээ бидэнтэй товч хуваалцаач?

Дэлхийн ТОП 10 нягтлан бодох бүртгэлийн компанийн нэг “Crowe Global” -н хамтарч байгаа хүрээндээ бид Дэльфи форумд бид оролцсон. Бид ‘ухаалаг шийдэл ба ухаалаг аргазүй’ гэдэг дээр төвлөрдөгөөрөө үндсэн зорилго, чиглэлээрээ огтлолцдог. Тус компани олон жил байгууллагууд доторх ухаалаг шийдвэр гаргалт ямар байдгийг судалж, тогтоож ирсэн туршлагатай. Үндсэндээ ухаалаг шийдвэр гаргалтыг 4 түлхүүр баганатай гэж үздэг. Өсөлт, Инноваци, Шийдэмгий давшингуй байх, Төрөлжмөл байдал. Менежментийн ертөнцийн шинэ тоглогч бол Та энэ дөрвийг хэзээ ч битгий мартаарай. Шийдэмгий байна гэдэг нь энтрепренерийн сэтгэлгээ учраас хөдөлгүүр гэсэн үг. Байгууллагын ба хувь хүний өсөлт хөгжилд төвлөрөх нь түлхүүр үүрэгтэй. Харин инноваци бол менежерүүдийн хувьд төдийлэн анхаардаггүй бас нэг чухал багана. Дэлхий даяар байгууллагууд бүтээлч, хамгийн ухаантайг л ажилд авахыг чармайж байдаг ч, олон янзын соёлтой, түүхтэй хүмүүсээр багаа бүрдүүлж төрөлжүүлэх нь аливааг өргөн хүрээнд харах боломжийг бий болгодог. Энэхүү 4 үндсэн багана байгаа эсэхийг харж тооцож оруулж ирэх нь менежер, дарга нарын хувьд цаашид заавал хийх зүйл байх болно гэж би онцолж ярьсан.

Та бүхэн цаашид ирээдүйн ямар хэрэгцээнд тулгуурлаж, шинэ агуулга бүтээж байна вэ?

Сэтгэлзүйн эрүүл мэнд, Олон янзын соёлтой хүмүүсийг нэг баг болгож ажиллуулах, Ажлын байрны дарамт шахалтын үед менежерүүд ямар үүрэг гүйцэтгэж оролцох вэ гэх зэрэг шинэ агуулгын хүрээнд хөтөлбөр боловсруулж байна. Энэ бол менежерүүдийн хувьд яах учраа олдоггүй хамгийн төвөгтэй сорилтууд байдаг. Тиймээс тэдгээрийн хүрээнд менежерүүдийн хийж чадах зүйлсийг илүү тодорхой болгож тусална.

Сэтгэлзүйн эрүүл мэнд дэлхий даяар нэлээд хүч түрж байна. Танай шинэ хөтөлбөрт бас орсон байна. Байгууллагуудад энэ хүрээнд хэрхэн тусалж чадах вэ?

Дэлхий даяар байгууллагууд хүмүүсийнхээ бие-сэтгэцийн эрүүл мэндийн байдалд хүчтэй анхаарч эхэлж байгаа учраас энэхүү #wellbeing гэдэг өдгөө хувьсал шиг хүч түрж байна. Байгууллагуудын үнэлж баршгүй хөрөнгө нь ерөөсөө л хүн. Авьяас чадвартай хүмүүсийг олоод оруулсны дараа ажилдаа дуртай байх улмаар авьяас ур чадвараа бүрэн зориулж гаргах юу юу хэрэгтэй вэ гэдгийг л менежмент гэдэг зүйл шийдэж байгаа.

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ноцтой асуудал болж байгааг бид эргэн тойрондоо хараад гэрчилж байна. Азаар байгууллагууд энэ асуудал дээр хүчтэй арга хэмжээнүүд авч, шийдэх гэж оролдож буйд бид их талархаж хүлээн авч, чадах бүхнээ дайчилж байгаа. Түүний илрэл бол, саяхан ил болгосон “Эрүүл мэнд оршиж, нөхцөл байдлаас хурдан сэргэх” чадвар хичээл юм. Энэ сэдвээр илүү нарийн хичээлүүд цаашид ч хөгжүүлж байна.

Цар тахал руу хамаг бурууг чихэж буй энэ үед, ямар бугшмал асуудлууд дагаад ил гарч ирсэн гэж Та бодож байна вэ?

Яг үнэндээ цар тахлын үед алсын зайнаас ажиллаж эхлэхэд, туршлагатай шилдэг менежерүүд төдийлэн барьц алдалгүй, асуудлууддаа живэлгүй давж буйг гэрчилж харсан. Тэд хүмүүсээ илүү сайн сонсож, харилцаа хамаарлаа алдахгүй барих вэ гэдэг дээр төвлөрсөн. Аргаа багахан өөрчлөх л хэрэг гарсан. Тэгэхээр алсаас ажиллах нь асуудал биш. Харин менежментийн ур чадварт асуудал байсан нь ил гарсан хэрэг.

Зарим байгууллагын удирдлага менежерүүд ажилтнуудаа нүднээс далдуур залхуурч байна, оффис дээр л ажилласан дээр гэх мэтээр үзэл бодлоо хүчтэй илэрхийлж, итгэлцлээ эвдэж байгааг харахад харамсалтай байсан. Өмнө нь үр дүнтэй гэрээс ажиллах технологиуд ийм өндөр хөгжсөн байгаагүй. Одоо бүрэн тоноглогдчихлоо бид. Тэгэхээр компаниудын менежментийн зөв арга барил, удирдлагын ур чадвар л шийднэ.

Хүмүүсийн ажлыг харах өнцөг өөрчлөгдсөн. Хаа сайгүй л хүний нөөцийн хомсдол нүүрлэж эхэллээ. Тэгэхээр ажлын орчин тэдний хүссэнийг өгөхгүй бол, ажилд орохгүй л гэсэн үг шүү дээ.

Цар тахлаас хойш хамгийн чухал ур чадвар харилцааны ур чадвар болсон гэсэн үг үү ?

Бүх цаг үед л тийм байж ирсэн. Бид хийсэн судалгаануудаа, бусад баримтуудаа харьцуулаад харсан ч, өндөр амжилт гүйцэтгэл үзүүлдэг байгууллагуудад багууд хэлтсүүд хоорондоо маш сайн харилцан ойлголцож ажилладаг нийтлэг шинж байдаг.